Хятадын Сагсан бөмбөгийн холбоо Хьюстон Рокетс багтай хийх тоглолтоо цуцаллаа

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-08 10:09:40

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Сагсан бөмбөгийн холбоо /CBA/ АНУ-ын Хьюстон Рокетс багтай хийж буй хамтын ажиллагаагаа зогсоож буйгаа өчигдөр зарлалаа.

Тодруулбал, тус холбооны багууд болох Гуандун, Шинжаан багуудын Хьюстон Рокетс багийн харьяа Хөгжлийн лигийн /NBA G-League/ Вайпер багтай хийх халаалтын тоглолтуудыг цуцалсан байна.

Ийнхүү энэ сарын 18-20 өдөр Хятадын Сүжоу хотын Олимп спортын ордонд явагдахаар товлоод байсан дөрвөн тоглолт цуцлагдаж байгаа юм.

Товлосон ёсоор Хятадын Сагсан бөмбөгийн холбооны өнгөрсөн жилийн аварга Гуандун Хунюань болон Шинжаан Гуанхуй багууд АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Хөгжлийн лигийн Рио Гранд Валли Вайперс, Техасын Лежендс багуудтай тоглох байжээ.

Мөн Хятадын Төн Шүнь /Tencent/, Ли Нин зэрэг байгууллага АНУ-ын Хьюстон Рокетс багтай хийх хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа өчигдөр мэдээлэв.

АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дэрил Морей нь “Хонконгийг чөлөөл” хэмээн твиттерт жиргэснээс болж уг багийн Хятад спонсорууд хамтын ажиллагаагаа зогсоогоод байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ