Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны нэрэмжит өргөө бүтээн босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-09 21:35:41

Ховд /МОНЦАМЭ/. Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол” өдөрлөг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болов.

Өдөрлөгийг Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Банзрагч нарын санаачилгаар зохион байгуулжээ.

Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөртэй, түүхэн гавьяа байгуулсан хүмүүний нэг бол Ойрадын Галдан бошигт хаан юм.

Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь бодитоор үнэлэх, үйлс зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх, тусгаар тогтнол, үнэт зүйлээр бахархах, итгэл үнэмшлийг бадраахад энэхүү өдөрлөгийн зорилго чиглэж байв.  

Өдөрлөгийн хүрээнд “Монгол хүн байхын учир”, “Тусгаар тогтнол ба Галдан бошигт” сэдвээр илтгэл хэлэлцэв. Мөн Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшаагийн зохиосон “Галдан Бошигт” гэх номыг иргэдэд танилцуулж их хааны түүхэн гавьяа, үйл хэргийг сэргээн алдаршуулав.  

Улмаар аймгийн ХДТ-ын уран бүтээлчид “Галдан Бошигт” түүхэн жүжгийг олон нийтийн хүртээл болгосон юм.   

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн газар шорооныхоо бүрэн бүтэн байдлыг үеийн үед сахин хамгаалж явахыг захиж үлдээсэн их хааны гал голомт болсон нутаг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум аж.

Тиймээс тус суманд Галдан Бошигт хааны нэрэмжит өргөө бүтээн босгох, улмаар түүний үйл хэргийг алдаршуулахад чиглэсэн нэлээд ажил өрнүүлнэ гэж албаныхан мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ