70 жилийн ойдоо зориулан “Дарьганга өв” мөнгөн цом бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-14 16:54:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүссэний 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн 70 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 70 жилийн ойд зориулан аймгийн ЗДТГ-аас музейн сан хөмрөгийг баяжуулах, өв тээгчдийг дэмжих зорилгоор “Дарьганга өв” мөнгөн цомыг 12 сая төгрөгөөр бүтээлгэж, Дарьганга урлалын каталогийг 2,5 сая төгрөгөөр ивээн тэтгэж хэвлүүлжээ.

"Ойн хүрээнд бид маш олон ажлыг хийсэн. Ялангуяа түүх соёлоо сурталчилах, бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад өв соёлоо таниулах чиглэлээр олон төрлийн үзэсгэлэн, сургалт сурталчилгааны ажлуудыг хийлээ. Яг ойн өдрөөр гурван төрлийн үзэсгэлэн зэрэг дэлгэгдэж байгаагаас архелогийн үзэсгэлэн анх удаа гарч буйгаараа онцлог. Үүнээс гадна бид ойн хүрээндээ 70 жилийн ойн мөнгөн цомтой болсон. Энэ бол зүгээр нэг байгууллагын цом биш. Бүхэл бүтэн Сүхбаатарчуудын үүх түүх, Дарьгангын өв соёлыг бүхлээр нь харуулсан цом гэдгээрээ онцлог. Энэхүү цомыг манай залуу дархчуулын төлөөлөл М.Эрдэнэбилэг урласан. Цомыг бүтээхэд дэмжлэг үзүүлсэн аймгийн засаг дарга, ЗДТГ-ын хамт олонд баярлалаа" гэж аймгийн Угсаатны зүйн музейн  дарга Д.Ариундэлгэр хэллээ.


Угсаатны зүйн музейн барилга 1992 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш иж бүрэн засварт ороогүй, барилгын чанар муудсантай холбоотойгоор үнэт сан хөмрөг хадгалах горим алдагдсан гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан байдаг. Шинэ барилгатай болох талаар үе үеийн удирдлагууд хөөцөлдсөөр өдийг хүрсэн. Тэгвэл шинэ барилга ирэх оноос баригдахаар болж, зураг төсөл хийгдэж буйг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар ойн баярын хуралд хэлсэн үгэндээ онцолсон юм.

Тэртээ 1949 оны 4-р сарын 19-нд аймгийн бага хурлын нарийн бичгийн даргын шийдвэрээр “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Өдгөө тус музей нь түүх, байгаль, мөнгөн урлал, шашин, сийлбэр, угсаатны гэсэн үзмэрийн арван танхимтай,  2000 гаруй үзмэрийн сантай болжээ.

Ойн баярын хурлын үеэр нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал болоод аймаг орон нутгийн шагналаар шагнасан юм.

Холбоотой мэдээ