Угаарын хийд хордсон 306 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-15 14:30:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угаарын хийд хордсон 145 удаагийн дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд энэ сарын 3-15-нд иржээ. Дуудлагын дагуу нийт 306 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн талаар НЭМГ-аас өнөөдөр мэдээлэв. 


Өнгөрсөн хоногийн хугацаанд 13 иргэн угаарын хийд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэж дуудлага өгснөөс гурав нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр хүүхэд, дөрвөн том хүн эмнэлгээс гарсан. Өнөөдөр 06.00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр мэдээлэв. 


Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг нийслэлийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүргэсэн тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй танилцуулав. Тэрбээр, "Зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж чадаагүй айл өрхийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж байна. Тэдгээрийн ихэнх нь нүүсэн, эзэнгүй гэсэн шалтгаантай байна" хэмээв. 


Мөн Улаанбаатар хотын иргэдэд үүрэн холбооны мобиком, юнител,  скайтел, жи-мобайл компаниудаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг энэ сарын 10, 11, 14-нд хүргэжээ. Давхардсан тоогоор нийт 2.689.287 иргэнд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ.


Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох албан тушаалтнууд өдөр бүр Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдрийн мэдээллийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НАБТГ-ын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хүргэлээ. 


Угаарын хийд хордсон гэх айл өрхөөс авсан сайжруулсан шахмал түлшний дээж болон Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн түлшийг дөрвөн лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис илрээгүй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээлсэн юм. Тиймээс иргэддээ пийшин зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, шахмал түлш хэрэглэх стандартыг мөрдөж хэвших шаардлагатайг албаныхан сануулаад байна.


Шахмал түлш хэрэглэх зөвлөмж

    Сайжруулсан шахмал түлш хэрэглэхдээ, дараах технологийн зааврыг чандлан мөрдөхийг  нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй нь туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй байгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч зуухаа үнэ төлбөргүй засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой аж.




Холбоотой мэдээ