Говь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-10-17 10:15:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/  2019-2020 оны өвөл, хаврын улиралд Говь-Алтай аймгийн нийт нутгийн 75 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу, 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой байна хэмээн тус аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Нийт нутгийн дийлэнх хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байгаа учир бүс нутгийн малчид отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг анхаарууллаа.

Тодруулбал, Есөнбулаг сумын Рашаант, Халиун сумын Олонбулаг, Гүү бариач, Төгрөг сумын Төгрөгийн эх, Мааньт, Цээл сумын Баянгол, Тонхил сумын Алтайн-Оргил, Дэлгэр сумын Гуулин тосгон, Цогт сумын Гэгээт, Бигэр сумын Мянгаа багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн үнэлгээтэй гарчээ. Харин Дэлгэр сумын ихэнх нутаг, Баян-Уул сумын ихэнх нутаг, Цогт, Чандмань, Шарга, Хөхморьт, Жаргалан, Халиун, Цээл, Төгрөг, Тонхил, Бугат, Бигэр, Есөнбулаг сумын зарим багийн нутгаар даац 1-3 дахин хэтэрчээ.

Ийнхүү бэлчээрийн даац ихэнх нутгаар муу гарсан тул хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөв. Тус аймгийн ихэнх сум, багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна хэмээн мэдээллээ.


Холбоотой мэдээ