ШУТИС дэлхийн томоохон их сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-15 16:46:44
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжилд дээд боловсрол дэвшилт технологийн үүрэг, ач холбогдол” олон улсын форум өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг форумд Австри, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНТУ, Канад, Япон зэрэг 30 орчим орны их, дээд сургуулийн 60 гаруй удирдах албан тушаалтан оролцож байна. ШУТИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй уг форумаар эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажлын туршлага солилцож, даяарчлагдсан мэдлэгийг түгээх санал, зөвлөмж боловсруулан их сургуулийн бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. 


ШУТИС олон улсын 200 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд түүний 60 гаруйтай нь идэвхтэй түншилдэг. Өнөөгийн байдлаар, дэлхийн шилдэг 20 гаруй их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байгаа аж. Дэлхийн томоохон их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлснээр ШУТИС-ийн нэр хүнд өсөж байгааг тус сургуулийн ректор Б.Очирбат онцолсон юм.


Тэрбээр: “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болж төгсөгчдийнхөө дипломын үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд гадаад харилцаагаа өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд бид сургалтын хөтөлбөрүүдээ олон улсад магадлан итгэмжлүүлж, дэлхийн 20 гаруй их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Дэлхийн томоохон их дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлснээр ШУТИС-ийн нэр хүнд өсөж байна. Хөгжингүй орнуутай харьцуулахад манай судалгааны орчин хоцронгуй байгаа нь үнэн. Гэхдээ үе үеийн Засгийн газар, олон улсын байгууллагууд их сургуулийн сургалтын орчинд онцгой анхаарч байгаагийн үр дүнд олон дэвшилт гарч байна. Шинээр ашиглалтад орсон Технологи, инновацын төвд судалгааны супер лабораториуд, гарааны компануд, судалгааны бусад тэргүүлэх төвүүдийг байгуулахыг зорьж байна. Ингэснээр сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болоход нэг алхам ойртоно” гэлээ.


Энэ үеэр ШУТИС болон Хонконгийг UBTECH Robotics Limited компани технологи, инновацын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн ШУТИС, Нагоягийн технологийн их сургууль 2014-2023 он хүртэл хэрэгжих Инженер технологийн дээд боловсролын төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийг нэг жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр тус хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлж манай 1000 оюутан Япон улсын 10 гаруй их сургуульд инженерийн чиглэлээр суралцах юм. Өнөөгийн байдлаар, 500 орчим оюутан уг төсөлд хамрагджээ.


Нагоягийн технологийн их сургуулийн дэд захирал Такаши Юкава: “Монгол оюутнууд аливаа шинэ зүйлийг сурч өөрийн болгох чадвар сайтай. Тиймээс бид Инженер технологийн дээд боловсролын төслийн хүрээнд ШУТИС-тай хамтарсан бакалаврын хөтөлбөрийн гэрээг нэг жилээр сунгалаа. Цаашид манайд суралцах монгол оюутны тоо нэмэгдэнэ гэж итгэж байна” гэлээ.


ХБНГУ-ын Уул уурхай, барилгын техникийн их сургуулийн профессор Карстен Дребенштедт: “1975 оноос хойш манай сургуульд 100 гаруй монгол оюутан уул уурхайн чиглэлээр суралцаж төгссөн байна. Одоогоос 10-аад жилийн өмнөөс манай сургууль ШУТИС-тай хамтарсан 3+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол оюутнууд гурван жил эх орондоо сураад, хоёр жил Германд сурч хоёр дипломтой төгсдөг юм. Энэ бол хоёр орны хамтын ажиллагаанд бидний оруулж буй хувь нэмэр. Германы дээд боловсролын систем шинжлэх ухаанд суурилснаараа онцлогтой. Бид сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл гэсэн гурван чиглэлийг цогцоор нь хэрэгжүүлж ур чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорьдог. Уул уурхайн чиглэлээр суралцаж буй герман оюутнууд Монгол Улсад дадлага их хийдэг. Геологийн хайгуул, олборлолт хийж буй газар дээр дадлага хийнэ гэдэг манай оюутнуудын хувьд маш том боломж юм” хэмээв.


Холбоотой мэдээ