“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-22 17:07:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах, мэдээллээр хангах чиглэлээр зохион байгуулж байгаа “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян үргэлжилж байна.

Аяны хүрээнд сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны суурь мэдлэг олгож, брокер дилерийн компанитай хамтран үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагааг явуулж иргэдэд мэдээлэл өглөө.


Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тээвэр, ложастикийн хэлтсийн менежер Д.Дамдиндорж “Эрдэнэс-Тавантолгой” ХК  2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цэвэр ашгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэх зорилгоор хэд хэдэн томоохон төслийг санхүүжүүлэхэд зориулсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам барих, баяжуулах үйлдвэр барих гэх мэт томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд иргэд маань хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. 2019 оны жилийн эцсийн тайлан баланс гарч дуусахаар ирэх оны нэгдүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэддээ ногдол ашгийг хуваарилах асуудлыг Засгийн газартай хамтран ярилцаж шийдвэрлэнэ” гэдгийг хэлж байв.

Иргэд 1072 хувьцаанаас өөрийн ногдол ашгийг хүртэхийн тулд юуны өмнө хувьцааны данс нээлгэсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар 2.5 сая иргэнээс тал хувь нь дансаа нээлгээгүй гэсэн мэдээлэл бий. 1072 хувьцаа мэдээллийн төвтэй 1800-1072 утсаар холбогдон асуух ба erdenestt.mn сайт, ett аппликейшн www.net.schcd.mn/registration/ "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн цахим хуудсанд регистрийн дугаараа оруулснаар шалгах боломжтой ажээ.

 

Холбоотой мэдээ