Хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд эмэгтэйчүүдийн 32 хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-23 17:25:59

Ховд /МОНЦАМЭ/.  "Умайн хүзүүний хорт  хавдрын оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах" сургалт энэ сарын 22-ны өдөр Ховд аймагт болов.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-т тусгасны дагуу умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхтэй холбоотой оношилгоо, шинжилгээний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой. 

Сургалтад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Энэхүү сургалтыг Эмгэг судлалын үндэсний төв санаачилан зохион байгуулсан бөгөөд чиглүүлэгчээр тус төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга Б.Ганзориг ажилласан юм. 

Ховд аймгийн хэмжээнд нөхөн үржихүйн насны 22 мянган эмэгтэй бий. Үүнд 30-60 насны 4312 эмэгтэй байна. Эдгээр эмэгтэйчүүдийн 32 хувь нь одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд  хамрагджээ.  

Зорилтот бүлгийн эмэгтэйчүүд 100 хувь умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсанаар тус өвчнөөр өвчлөх, цаашлаад эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл буурна. Тиймээс цаашид сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд энэ чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийг мэргэжилтнүүд анхаарууллаа.  

Мөн эмэгтэйчүүд харьяа эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд  үнэ төлбөргүй хамрагдах хэрэгтэй гэж салбарын эмч нар уриалав.  

Холбоотой мэдээ