"Уран жиргээ" улсын уралдаанд оролцох авьяастнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-24 17:31:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдний дунд уран уншлагыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг хүүхдийн "Уран жиргээ" аймгийн наадмыг энэ сарын 18-ны өдөр Сүхбаатар суманд зохион байгуулсан байна.

Тус наадамд сум орон нутгаасаа шалгарсан 13 сумын 65 хүүхэд оролцож, сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах нас гэсэн ангиллаар авьяас билгээ уралдуулжээ. Ингээд уламжлалт наадмын сургуулийн өмнөх насны ангилалд Сүхбаатар сумын 7-р цэцэрлэгийн Б.Энхнаран, бага насанд Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн сурагч А.Амарзаяа, дунд насанд Ерөө сумын ЕБС-ийн сурагч Ө.Хулан, ахлах насанд Алтанбулаг сумын ЕБС-ийн сурагч Э.Энхсүлд нар тэргүүлжээ.

Эдгээр хүүхдүүд энэ сарын 25-нд болох улсын уралдаанд оролцох эрхээ авсан байна. Энэ удаагийн наадамд хүүхдүүд С.Эрдэнийн "Чөдөр", Ш.Сүрэнжавын "Ерэн баатарын дууль", Д.Цоодолын "Харамчийнхан", Жамьянгийн "Цасангаа", Ж.Лхагваагийн "Бид ялав", С.Дашдооровын "Үрт амьтан", Б.Догмидын "Оосор бүсгүй орчлон" гээд Монголын уран зохиолын нэрт төлөөлөгчдийн найраглал, өгүүллэгүүдийг уншсанаараа онцогтой болжээ.

Мөн "Оносон тавилан", "Суурин газрын орчлон", "Дархад", "Ээжийгээ хайрлаж яваарай", " Чингисийн тамга", "Буун дуу", "Аавдаа", "Ээждээ бичсэн захидал" зэрэг уран чадвар шаардсан шилдэг бүтээлүүдийг амилуулан уншсан нь хүүхдүүдийн чадварыг харууллаа хэмээн зохион байгуулагчид болон шүүгчдийн зүгээс онцолж байв.  

Холбоотой мэдээ