Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-25 17:06:32

Ховд /МОНЦАМЭ/. Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ Ховд аймгийн Жаргалант суманд өрнөж байна.

Ахмад настны сэтгэл зүй, оюуны дархлааг дэмжих, өөртөө итгэх итгэл, амьдралын идэвхийг дээшлүүлэхэд чиглэсэн оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд энэхүү үйлчилгээний зорилго чиглэж байна.   

Тус үйлчилгээг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эмэгтэйчүүд-гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нь 10 дугаар  сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ.

Энэ хугацаанд Жаргалант сумын 12 багийн 200 орчим ахмад настанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр төлөвлөсөн аж. Үүнээс одоогийн байдлаар мэргэжлийн сэтгэл зүйч, холбогдох мэргэжилтнүүдийн  төлөөлөл 50 гаруй ахмад настны гэрээр зочилж, сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.  

Ахмад настанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарна гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн ахмад настны сэтгэл зүйн гутрал, түгшүүр, зовинолыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж буйгаараа давуу талтай гэв.

Холбоотой мэдээ