Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-29 17:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлсэн ноосны мөнгөн урамшуулал өнөөдрөөс малчдын дансанд орж эхэллээ. Ноосны урамшуулал олгох Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011-2017 онд 158 тэрбум төгрөгийг Монголбанкаар дамжуулан олгосон бол энэ удаа урамшуулал Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа аж.


Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 11,5 мянган кг хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49 мянган малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13 тэрбум төгрөг олгохоор болжээ. 


Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмыг Монгол Улсын Засгийн газар 2011 онд баталсан. Үүнээс хойш уг журамд гурван удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэ онд Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм.


Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор малчдын орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл нэмэгдэж 5700 гаруй ажлын байр бий болсон эерэг үзүүлэлтүүд гарчээ.

Холбоотой мэдээ