Дорноговийн нийт иргэдийн 50 хүрэхгүй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-10-30 16:26:15

Дорноговь /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас орон даяар зохион байгуулж байгаа “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяны Ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдтэй 10 дугаар сарын 30-нд уулзаж хувьцааны үр ашиг,  данс нээлгэх, хувьцаа худалдан авах, хөрөнгийн зах зээл зээлд оролцох талаар сургалт явуулж иргэдийн асуултад хариулав.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд компанийн нийт хувьцааны 85 хувийг Засгийн газар, 14.5 хувийг иргэд, 0.5 хувийг компаниуд эзэмшдэг аж.

Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард 296 дугаар тогтоол гарч, ирэх оны эхний улиралд багтаан хувьцааг тараах чиглэл өгсөн тул тус компаниас ажлын хэсэг аймгуудаар явж иргэдэд хувьцааны талаар мэдээлэл өгч байна.

Аяны талаар Дорноговь аймагт ажиллаж байгаа “Эрдэнэс-Тавантолгой3 ХК-ийн “1072 хувьцаа” мэдээллийн албаны мэргэжилтэн О.Батчимэгээс зарим зүйлийг тодруулав.


-Хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг ямар түвшинд байна вэ? 

-1072 хувьцаа хүмүүст ямар хэрэгтэй, хэзээ олгох, ямар үнэтэй байх талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл бага байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, хувьцаа хийгээд, даатгалын үйлчилгээ иргэнд ямар хэрэгтэй, яагаад брокерын компаниудад  хандах ёстой зэрэг талаар мэдээлэл тааруу учраас шаардлагатай мэдээллийг өгч байгаа.

Иргэдийн хувьцааны талаарх анхан шатны бичиг баримтыг цуглуулах мөн тухайн үед 500 мянган төгрөг авч байсан оюутнуудын анхан шатны судалгаа, зарим зөрүүтэй байдлыг арилгах, нягтлах ажлыг ирэх 12 сарын 07-ноос өмнө хийж дуусгах учиртай. Үүний дагуу ажиллаж байна.

Мөн сургалтын хажуугаар сургалтын өмнө болон дараагийн үеийн иргэдийн хувьцааны талаарх анхан шатны ойлголтын талаар судалгаа авч байна.

Хувьцааны талаарх аймгийн удирдлагууд, байгууллага аж ахуй нэгжийн удирдлагын ойлголт ямар байна?

-Боломжийн. Иргэдэд хүрч үйлчилдэг албан тушаалтнуудын хувьцааны талаарх мэдлэг чухал учраас өнөөдөр өглөө иргэдийн дунд сургалт явуулахдаа багийн Ажлын албанд ажилладаг хүмүүст мэдээлэл өгсөн гэв.

Мөн Ажлын хэсгийнхэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургууль, Нэгдсэн эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал, МСҮТ, аймгийн ЗДТГ зэрэг Сайншанд сумын томоохон албан байгууллагаар явж мэдээлэл хийж буй. Мөн брокер дилерийн компаниуд ч хамт явж байгаа.

Дорноговь аймгийн хэмжээнд брокер дилерийн “Би ди сек” ХХК-ийн салбар аймгийн Намын хорооны байрны хоёр давхарт, “Санар” ХХК “Гурван хөвсгөл” худалдааны төвийн хоёр давхарт, “Гүүд сек” ХХК “Соёмбо” цогцолборын хоёр давхарт тус тус ажиллаж байна.

“Гүүд сек” ХХК-ийн Дорноговь аймаг дахь салбарын ажилтан Н.Отгонсүрэнгийн ярьснаар Дорноговь аймгийн нийт иргэдийн 50 хүрэхгүй хувь нь дээрх гурван компанид хандаж дансаа нээлгэжээ.

Сайншанд, Замын-Үүд зэрэг томоохон суурин газрын иргэд дансаа нээлгэхдээ идэвхтэй байгаа бол хөдөөгийн малчид, сумын иргэд, залуучуудын төлөөлөл идэвх муу байгаа аж.

Тиймээс тус компани хөдөөгийн иргэдэд зориулж онлайн үйлчилгээ нэвтрүүлсэн ч зарим сумын интернэтийн хурдаас шалтгаалж ашиглахад хүндрэл гарч байгаа тул сумын удирдлагуудтай ярилцаж сум бүрт төлөөлөгчтэй болжээ.

Залуучуудын зарим нь хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэг хомс учир асуухаасаа ичдэг мөн эцэг эх, эсвэл эмээ өвөөдөө үнэмлэхээ өгөөд явуулчихдаг хандлага байна.

Хүн бүхэн ухаалаг гар утас хэрэглэж байгаа өнөө цагт бид үйлчлүүлэгчид, ахмадуудад хувьцааны талаар тодорхой хариулт тайлбар өгөхийн сацуу тэдэнд хандан хүүхдүүддээ онлайн сайт руу нэвтэрч бүрэн дүүрэн мэдээлэл авч байхыг сануулдаг гэж  Н.Отгонсүрэн учирласан юм.

Монгол Улсын иргэн бүр хувьцаа хийгээд хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байх нь хөрөнгийн зах зээлд оролцох, цаашлаад энэ салбараас ашиг олох боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолсон.

Иргэн бүрт хамаатай “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Зүүнбаян, Мандах суманд 11 дүгээр сарын 01-нд, Сайхандулаан, Хатанбулаг суманд 02-нд, Хөвсгөл, Өргөн суманд 03-нд, Алтанширээ, Дэлгэрэх, Айраг суманд 11 дүгээр сарын 04-нд,  Даланжаргалан, Улаанбадрах суманд 05-нд, Иххэт, Замын-Үүд, Эрдэнэ суманд 06-нд тус тус үргэлжилнэ.



Холбоотой мэдээ