Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Итали, Шведийн Элчин сайд нартай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-10-31 11:54:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта, Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сонгеланд нарыг хүлээн авч уулзав.


Элчин сайд Л.Ботта Монгол Улсад шинээр Элчин сайдаар ажиллах хугацаандаа урлаг, соёл, боловсролын салбарт онцлон анхааран ажиллахаа мэдэгдэв. Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хоёр орны найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа өргөжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр Итали Улстай хамтран нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, итали технологийг монгол ноолууран бүтээгдэхүүнтэй хослуулан Европын зах зээлд экспортлох боломжтой болохыг онцлов.


Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн хамтарсан Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ирэх жил Ром хотноо зохион байгуулах, ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд харилцан соёлын үйл ажиллагаа зохион байгуулах талаар ярилцав.



Харин Элчин сайд Хелена Сонгеландтай уулзахдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, худалдаа эдийн засаг, соёл боловсролын асуудлаар ярилцав. Мөн талууд эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой хөгжил, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Холбоотой мэдээ