Олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээнийг Саппород явуулахаар болжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-11-01 14:47:13

ТОКИО. /TASS/. 2020 оны Олимпын наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнийг халуун цаг агаартай холбоотойгоор Японы нийслэл хотоос тус улсын хойд нутгийн Саппоро хот руу шилжүүлэхээр болжээ. Ийм шийдвэрийг баасан гарагт болсон ажлын хэсгийн хурлын үеэр гаргасан байна.


Дээрх хуралд ОУОХ-ны зохицуулалтын хорооны дарга Жон Коутс, Токио хотын захирагч Коикэ Юрико, Токиогийн Олимп болон Паралимпын наадмыг зохион байгуулах ажил хариуцсан сайд Хашимото Сейко болон наадмыг зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо оролцжээ.


“Захирагчийн хувьд би үүнтэй санал нэгдэхгүй байгаа боловч саад учруулахгүй. Энэ шийдвэрийг миний зөвшөөрөлгүй гаргасан” гэж Коико мэдэгдсэн байна.


ОУОХ урьд нь халуун цаг агаартай холбоотойгоор 2020 оны Олимпын наадмын марафон гүйлт болон спорт алхааны тэмцээнийг Японы хойд нутгийн Саппоро хот руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг нийслэл хотын захиргаа эсэргүүцжээ.


Токио хотод сүүлийн гурван жилийн хугацаанд явуулсан хэмжилтээр, долдугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл тус хотын агаарын дундаж температур 30 градусаас тогтмол давж байжээ. Энэ нь Токиод Олимпын наадам зохион байгуулж байсан 1964 оныхоос хамаагүй өндөр үзүүлэлт аж. Гэхдээ тухайн үед тэмцээнүүдийг 10 дугаар сарын эхээр явуулж байв. Марафон гүйлт болон спорт алхаа нь тамирчид төдийгүй үзэгчдийн хувьд асар их тэсвэр тэвчээр шаарддаг хол зайд болдог билээ.


Зуны Олимпын наадам Японы нийслэл Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болно.


Холбоотой мэдээ