Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт жилд 840 сая төгрөг зарцуулдаг

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-01 18:38:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Ирэх онд Авто тээврийн үндэсний төвөөс Орхон аймагт улсын төсвийн гурван тэрбум төгрөгөөр автовокзал байгуулна. Барилгын зураг төсөв болон эдийн засгийн тооцоо, үндэслэлийг Авто тээврийн үндэсний төв хийсэн байна. Нийт 4000 м.кв талбайг тохижуулах ажээ. Уг мэдээллийг аймгийн Авто тээврийн төвийн дарга Г.Ядмаа өглөө.

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ нь зорчигчийн урсгалд тулгуурлан 18 багийн нутаг дэвсгэрийг хамарч нийт зургаан чиглэлд дунд оврын 43 автобус үйлчилж байна. Энэ нь ”Автомастер төв”, “Тод од транс”, “ББ-ОД” ХХК-ийн автобусууд бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан, сурагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчлэхэд нь нөхөн олговор гэж жилд 840 сая төгрөгийг орон нутгаас олгож байна.

Тухайлбал, 2015 оноос хойш орон нутаг нийтийн тээврийн нөхөн олговорт 2.8 тэрбум төгрөгийг олгоод байна. Энэ нь нэг автобуст дунджаар нэг сая төгрөгийн шатахууны зардлыг төрөөс өгдөг гэсэн үг юм. Төрөөс олгож буй нөхөн олговрыг нийт 14 мянга 199 иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэхэд нь зориулж олгодог байна.

Гэсэн хэдий ч Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол тасрахгүй байгаа тул аймгийн ЗДТГ автобусуудыг GPS системд холбож цагийн хуваарийн дагуу болон тухайн өдөр явах маршрутаараа явж байгаа эсэхийг хянаж эхэлсэн байна. Улмаар иргэд автобус хэдэн цагт аль зогсоол дээр ирэх мэдээллийг гар утаснаасаа авч болохоор технологийг нь шийдсэн байна.

Ийнхүү нийтийн тээврийн үйчилгээг сайжруулахаар төрийн байгууллагаас ажиллаж байгаа ч гэрээ байгуулан ажиллаж буй хувийн байгууллагууд хариуцлагагүй хандах, үйлчилгээнийхээ стандарт, журмыг мөрдөхгүй байх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батлут Авто тээврийн төв болон Замын цагдаа зэрэг холбогдох байгууллагуудад ажил сайжруулах үүрэг өглөө. 

 

 

Холбоотой мэдээ