Ээлжит сонгуульд 20.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-06 16:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ажлын багийн гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны ажилтай танилцав.


Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгууль болон Орон нутгийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар, мөн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаатай холбоотойгоор тус байгууллагын ажилтай танилцаж буй юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг хэллээ. Мөн сонгууль зохион байгуулахтай холбоотой санал хүсэлт, хүндрэл бэрхшээлийн талаар асуув.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, "Сангийн яам сонгуульд 20.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон нь өмнөхөөсөө нэмэгдсэн үзүүлэлт. Энэ нь 2012 оноос хойш сонгогчийн тоо 260 гаруй мянгаар, 2016 оны сонгуулиас хойш 112 мянгаар олширсонтой холбоотой. Ирэх хавар энэ тоо дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад санал авах байр, хэсгүүд нэмэгдэх юм. Сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж 3 ангилахаар өөрчилсөн болон сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа гэв.


Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар болон СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат нар оролцлоо.

Холбоотой мэдээ