Дипломат төлөөлөгчийн газруудын барилгын их засварт нэг тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-06 16:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороо харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, Цөмийн энергийн үндэсний комиссын ажлын алба зэрэг байгууллагын төсвийг хэлэлцсэн юм.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, Т.Аюурсайхан нар ажлын багаас асуулт асуув. УИХ-ын гишүүд Гадаад харилцааны яамны тухайд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газруудын барилгын их засварт нэг тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд мөн нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь тун хангалтгүй үзүүлэлт гэдгийг хэлж байлаа. Мөн ирэх онд Олон улсын хамтын ажиллагааны сангийн зардалд ямар ч хөрөнгө төсөвлөөгүй байгааг УИХ-ын гишүүд шүүмжлээд, энэ хөрөнгө оруулалтыг нэмэх боломж бий эсэхийг тодруулав.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Бидний бодит хэрэгцээ их бий, наад зах нь үүнд 23 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Гэвч улс орныхоо эдийн засгийн өнөөгийн нөхцөл боломж, төсвийн хязгаарын хүрээнд асуудлыг авч үзэхээс өөр аргагүй. Сангийн яамтай бид ойлголцож хамтран ажиллаж байгаа, тиймээс цаашид ч энэ талын хөрөнгө мөнгөний саналаа тавиад явах болно” гэлээ.


Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, “Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын хүүхдийн цэцэрлэгийн асуудал маш хүнд. Тухайлбал, гадаадад ажиллаж буй албан хаагчдын 85 хүүхдийн нэг жилийн цэцэрлэгийн төлбөрт дунджаар 8500 ам.доллар зарцуулах тооцоо бий. Иймээс ГХЯ нь БСШУСЯ-тай хамтран уг асуудлыг шийдэх аргыг олох хэрэгтэй” хэмээв.


Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Холбоотой мэдээ