Улстөрийн нам байгуулах эрхийг хязгаарлаж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-08 17:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улстөрийн намуудтай холбоотой зарим заалтыг тусгах шаардлагатай байгаа тухай авлигын эсрэг “Шилэн нам” түншлэлээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдлээ.

Улстөр судлаач Э.Гэрэлт-Од энэ талаар хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2-р хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн 19.2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн саналыг оруулж хэлэлцэн дэмжээд буйг хэлээд, “Энэ нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10 дахь хэсэгт заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хамгаалах бус хязгаарлаж байна” гэлээ.

Манай улсад улстөрийн 35 нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаагаас 29 нь нийт сонгогчдын 1 хувь хүрэхгүй тооны гишүүнчлэлтэй байна. Харин 6 нам 1-ээс дээш хувийн гишүүнчлэлтэй  байгаа аж.

Авлигын эсрэг “Шилэн нам” түншлэлд “Захиргааны шинэ санаачилга”, “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн”, “Транспэрэнс интернэшнл Монгол”, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” зэрэг ТББ-ууд, улстөр судлаач Э.Гэрэлт-Од, хуульч В.Удвал, судлаач Ч.Сосормаа нар нэгдэн үүсгэн байгуулжээ.

 

Б.Болд

Холбоотой мэдээ