Давхардсан тоогоор Завханы 70 гаруй мянган хүн автобусаар зорчжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-13 18:03:08

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт орчин үеийн стандартын шаардлага хангасан автотээврийн төвийн барилга ашиглалтад орж өчигдөр нээлтээ хийж ашиглалтад орсонтой холбоотой хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний мэдээллийг аймгийн Автотээврийн газраас өглөө.

Завхан аймагт хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг За-Улиастай чиглэлд гурван компани, За-Тосонцэнгэл чиглэлд нэг компани, За-Тэс чиглэлд хоёр компани үзүүлж байна.  Тухайлбал он гарсаар Завханы 70 гаруй мянган хүн Улаанбаатараас-Улиастай, Улиастайгаас-Улаанбаатар хот руу өдөр бүр зорчжээ. Тухайлбал "Жавхлант хийморь" зорчигч тээврийн хоршооны 20 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилжээ. Өнгөрсөн онд тус хоршооны автобусаар 29000 орчим насанд хүрэгчид, 3000 орчим хүүхэд нийт 32000 иргэн үйлчлүүлсэн байна.

"Жавхлант хийморь" хоршоо "Аюулгүй тээвэр-Амьдралын баталгаа" уриатайгаар өдөр бүр шуурхай найдвартай үйлчилгээг иргэдэд өгчээ. Харин энэ жил мөн л аюулгүй баталгаатай тохь тухтай автобусаар иргэддээ шуурхай, стандартын дагуу үйлчлэх зорилтыг тавьжээ. Түүнчлэн энэ жил шинээр гурван автобусыг нэмж хот хоорондын шугамд гаргаж өдөр бүр 16.00 цагаас Улаанбаатар, Улиастайгаас үйлчилгээ үзүүлж буй аж. Ингэснээр автобусны шугамын нэг эргэлтийн амрах хугацаа уртасч жолооч нар хангалттай цагт амрах, автобуснуудад засвар үйлчилгээг хийх боломж илүү гарч байгаа хэмээн "Жавхлант хийморь" хоршооноос мэдээлэл ирүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар нэг автобус, хоёр жолооч сард хоёр удаа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байна. Түүнчлэн тус компанийн автобус аймгийнхаа цаг үеийн мэдээлэл бүхий тусгай хөтөлбөр, сард хоёр удаа тогтвортой хөгжлийн сургалтыг аймгийн ОНХМХ-тэй хамтран зорчигчдод өгдөг ажээ. Мөн Улаанбаатар хотын "Хараацайн жигүүр", Завхан аймгийн "Гранд" автобус компаниуд Завханд хот хоорондын үйлчилгээг чанарын өндөр түвшинд аюулгүй тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

 Номтой автобус хүүхдүүдэд зориулсан номтой болно

Завханы "Жавхлант хийморь" хоршооны хот хооронд явдаг ЗАН 06-00 улсын дугаартай автобус өнгөрсөн жилийн 11-р сараас эхлэн номын сантай болсноор тус автобусаар зорчих иргэдийн тоо нэмэгдсэн гэв.

“Номтой автобус” төслийг санаачлан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зорчигчдод номын сангаар үйлчилж байгаа хоёр дахь аймаг төдийгүй уран зохиол, түүх, хүүхдийн, танин мэдэхүйн төрлийн 30 гаруй номтой автобусыг тохижуулж чаджээ. Иргэд тус автобусны хуваарийг харж заавал зорчих хүсэлтэйгээ илэрхийлж багагүй дугаарлалт үүсгэдэг байна. 

Мөн зарим иргэн зорчигчид сайн дураараа ном хандивлаж одоогоор 60 гаруй номтой болоод байгаа талаар автобусны жолооч мэдээлэл өглөө. Номтой автобус нь сард хоёр удаа Улиастайгаас-Улаанбаатар, Улаанбаатараас-Улиастайд зорчигч тээвэрлэдэг юм байна. Түүнчлэн хүүхдийн номуудаар фондоо баяжуулахгүй бол зорчигч хүүхдүүд ном их асууж сурагладаг. Одоогоор хүүхдийн номууд бага учраас зорчигч хүүхдүүдэд зориулж нэг цаг орчим хүүхэлдэйн кино зам зуур үзүүлдэг байна. 

Сонирхуулахад, Номтой автобус төслийг “Зориг сан” болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан оюутны тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд санаачилсан ажээ. Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд нь гарааны 250 мянган төгрөгөөрөө энэхүү төслийг эхлүүлжээ. Одоогийн байдлаар Дорнод, Завхан аймгийн хоёр автобусыг номын санжуулсан байна.

Холбоотой мэдээ