Монгол, Австрали метан хийгээр хамтарч ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-11-13 17:48:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ноён Элчин сайд Дэйв Воусэн, “Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээлд нүүрсний салбарт өрсөлдөхүйц орнууд” гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь бус сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй талаар тэмдэглэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг дурдаж, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр арвин туршлагатай улсын хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцлов.


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусэнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэний зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов. Манай улсын хувьд зөвхөн уул, уурхайн бус ХАА-н салбарын хөгжил тэргүүлэх зэргийн ач холбогдолтойг онцолж, Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого, дунд хугацааны хөтөлбөр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын тухай товч танилцууллаа.

Уулзалтаар өмнийн бүс болон “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон  орд газрын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажил саатах ёсгүйг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон. Элчин Сайдын яамны зүгээс шаардагдах арга хэмжээг авч ажиллан, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Дэйв Воусэн илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ