Улаанбурхан өвчний эндэгдэл 0.3 хувь байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-04-15 16:55:43

ЭМСЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран өнөөдөр улаанбурхан өвчний талаар болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурсаар ирсэн. Тухайлбал тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 1000 амьд төрөлтөд 87.5 хувь байсан бол 2010 онд 20.0, 2015 онд 18.3  хувь болтлоо буурч өнгөрсөн онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв  дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадсан. Энэ үзүүлэлтээрээ НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн есөн  орны тоонд Монгол Улс орсныг хэвлэлийн хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа онцоллоо. Тэрбээр хэлэхдээ нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 1990 онд 63.4 хувь байсан бол 2015 онд 15.3 болж 4.1 дахин буурсан байна.

Олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр тав хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээлэл ихээр тарж байгааг мэргэжлийн байгууллагын төлөөлөл үгүйсгэж бодит мэдээллийг энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн юм.

2016 оны эхний 3 сард тав хүртэлх насны 491 хүүхэд эндсэний дотор нэг хүртэлх насны хүүхэд 427 байгаа  нь өмнөх онтой харьцуулахад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдсэн.

Улсын хэмжээнд он гарсаар нийт 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 39734 хүүхэд өвчилснөөс 39675 хүүхэд буюу 99.8 хувь нь эдгэрсэн. ХӨСҮТ-д  уг өвчний улмаас 13515 өвчтөн  хэвтэн эмчлүүлснээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдэн эдгэрсэн. Эхний гурван сарын байдлаар 59 хүүхэд эндэж, нас баралтын түвшин 0.3 хувь байгаа талаар   ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Ц. Чинбаяр мэдээллээ.

ДЭМБ-ын тооцоогоор улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа үед  нийт өвчлөлийн 5-10 хувь нь энддэг гэсэн судалгаа байдаг. Манай орны хувьд энэ онд улаанбурхан өвчний эндэгдлийн хувь 0.3 хувь  байна.

Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, эдгээр хүүхдүүдийн 50.8 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Нийт эндсэн хүүхдүүдийн  70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй тухайлбал тураал, цус багадалт, рахит, диатез, төрөлхийн дархлаа дутагдал, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушгины хатгалгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ