“1000 идэвхтэй иргэн” санаачлагыг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-15 17:00:04

НҮБ-ын Хүн амын сан, JCI Progress байгууллага хамтран залуучуудыг хөгжүүлэх “1000 идэвхтэй иргэн” санаачлагыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцож, өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, JCI Progress байгууллагын Ерөнхийлөгч Б.Батзаяа нар гарын үсэг зурав. Дээрх хоёр байгууллага нь Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аймаг, дүүргийн нийгмийн дэмжлэг шаардлагатай залуучуудад хувь хүний болон бизнесийн ур чадвар олгох сургалт, семинар зохион байгуулах, залуучуудыг жижиг төсөл санаачлан хэрэгжүүлэхэд заавар зөвлөгөө өгөх, менторинг /чиглүүлэх, зөвлөх/, чиглүүлэг хийж, дэмжлэг үзүүлэх санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээ Санамж бичгээр баталгаажуулж байгаа аж.

НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара “Өнөөдөр Монголын залуучууд хүн амын тоо, нийт хүн амын дунд эзлэх хувь Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Залуучуудын хүний эрх, сайн сайхан байдал хангагдаж байгаа эсэх нь улс орны хөгжлийн тодорхойлогч хүчин зүйл байдаг. Энэ нь НҮБ-ын Хүн амын сангийн үндсэн мандатын асуудал юм” гэлээ. 

JCI Progress байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа “Манай гишүүд нийгэмд үр нөлөө үзүүлэхийн төлөө ажилладаг. Бидний хамтран хэрэгжүүлэх төсөл нь Монгол залуучуудаа дэмжиж, чадавхжуулахад хамгийн их үр дүнг үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм.

Энэхүү санаачлага нь нийгмийн дэмжлэг шаардлагатай 15-34 насны 1000 гаруй залуусыг хамарч, идэвхтэй, бүтээлч, бие даах чадвартай иргэн болж төлөвшихөд туслах юм. Сургалтад амжилттай оролцсон залуучууд баг бүрдүүлэн, өөрсдийн нь болон гэр бүл, орон нутгийн хувьд үлдэцтэй, хэмжигдэхүйц үр дүн бүхий жижиг төслүүдийг хамтран санаачилж, төлөвлөж, хэрэгжүүлэх юм байна.

Энэхүү санаачлагыг Швейцарийн Хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар ба НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд байгуулагдсан Залуучуудын хөгжлийн төвүүдийг түшиглэн хэрэгжүүлэх аж. Эхний жилд Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүдийг хамрах ба хоёр дахь жилд нь бусад аймгуудад хэрэгжих юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ