СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-22 13:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргаар Д.Баярсайханыг томилов.


Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн СЗХ-ны дарга С.Даваасүрэнг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчмыг баримтлан тус хорооны дэд даргаар ажиллаж байгаа Д.Баярсайханыг хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга чуулганд танилцуулав. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь дэмжиж, томиллоо.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан:

Боловсрол:

-1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол

-1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол

-1993-1997 Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр

-2002-2004 АНУ-ын Индианагийн Их Сургуульд Төрийн санхүүгийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Ажлын туршлага:

-1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн

-1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал

-2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч

-2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн

-2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал

-2016 оноос өнөөдрийг хүртэл СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ