Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-27 09:40:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.


Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүлэх зэргийн одонгоор шагнадаг уламжлалтай. Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх бөгөөд чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Холбоотой мэдээ