Москва, Улаанбаатарын бизнес эрхлэгчдийг дэмжин, хамтран ажиллах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-12-06 14:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд оролцож буй Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг Москва хотын Думын гишүүн, орлогч дарга, парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёр орны нийслэлүүдийн олон жилийн түүхэн хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхийн тулд тодорхой саналуудыг харилцан хэрэгжүүлж, Улаанбаатар, Москва хотын бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Думын гишүүн, хатагтай Людмила Стевенскова “Бидний зүгээс монгол ахан дүүстэйгээ бүх талаар хамтран ажиллахад таатай байх болно. Та бүхний илэрхийлсэн саналыг бид Москва хотын Думын даргад болон хуралдааны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх болно” гэсэн байна.


Хоёр хотын төлөөлөгчдийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нар, Москва хотын Думын гишүүн, орлогч дарга, парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар байлцлаа.


Москва хотын Дум болон Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений хувьд Москва хотын төвд байдаг Хүндэтгэлийн уулс” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг тус газар байршуулахад чухал хувь нэмэр оруулжээ.


Тодруулга: Москва хотын Дум нь 12 дүүрэг, 125 хороотой, 2.55 мянган ам дөрвөлжин метр газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн 54.5 хувийг ногоон байгууламж эзэлдэг байна. Хотын Думын хувьд 12 дүүргээс 5 жилийн хугацаатай 45 гишүүн сонгогдон ажилладаг аж.

Холбоотой мэдээ