Хөгжлийн хөтөч хөтөлбөрийг “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-08 13:05:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэлээ.

Тус аймгийн Засаг даргын эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг 86.3 хувь байгаа бөгөөд үр дүнтэй 231, тодорхой үр дүнд хүрсэн 112, эрчимжүүлэх шаардлагатай 29, үнэлэх боломжгүй 7 арга хэмжээ байна гэж дүгнээд төсөв санхүү шаардсан зарим ажлын хэрэгжилт удаашралтай байна гэж үзлээ.

Сургууль, цэцэрлэгийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих, сурагчдыг хөгжүүлэх, тэдний сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарын материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, нийтийн биеийн тамир спорт, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлжээ.

Боловсролын салбарт хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд наймдугаар байрт орж, өмнөх оныхоос 12 байраар урагшилсан үзүүлэлт гарсан байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бэлчээр, тариалангийн талбайг нөхөн сэргээх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах зэрэг ажлыг үр дүнтэй зохион байгуулсан байна гэж аймгийн ИТХ-ын хуралдааны шийдвэрт тусгасан байна.

Холбоотой мэдээ