Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилгад хэсэгчлэн, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмж, улсын төсөвт 174.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх заалтад хэсэгчлэн, төсөвтэй хамт баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд хориг тавьсан.
Байнгын хорооны хуралдааны үеэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь ШИНЭН-ын зөвлөл зөв хэмээн үзэж буйг дурдлаа. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ирэх оны төсөв 2.74 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан бөгөөд үүний 1.2 их наяд нь 30 орчим жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээлээс санхүүжүүлнэ гэдгийг онцлов.
Ингээд санал хураахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн II хавсралт болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн үзлээ.
Харин нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхтэй холбоотой заалтад хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зөв хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов. Уг асуудлыг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.