Агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банкнаас 12 сая ам.доллар зээлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-10 16:26:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 


“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын өрхүүдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацаанд зорилтот ажил хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулсан байна. Тиймээс төслийг үргэлжлүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгох болжээ. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, зээлийн хүү  1.25 хувь  байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд төслийн үр нөлөөг дээшлүүлэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, амины орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэхэд анхаарах шаардлагатайг онцолж байлаа.


Ингээд санал хураахад нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж эцэслэх юм.

Холбоотой мэдээ