Баярын өдрүүдээр ажил хаялтаа зогсоохыг төмөр замын ажилчдад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-12-14 12:07:43

ПАРИС. /Figaro/. Францын Төмөр замын үндэсний компанийн /SNCF/ тэргүүн Жан-Пьер Фаранду тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй төмөр замын ажилчдад хандан Зул сарын баярын үеэр “түр завсарлага авахыг” уриаллаа.


Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялт 12 дугаар сарын 5-наас хойш үргэлжилж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлийн улмаас Францын зарим салбарынхан тэр дундаа тээврийн салбарын ажилтнууд зарим давуу эрх, тэтгэвэрт гарах тусгай эрхээ алдаж магадгүй байгаа ажээ. Тус улсын Ерөнхий сайд Эдуар Филипп лхагва гарагт шинэчлэлийн заалтуудыг танилцуулж, ирэх хоёрдугаар сард хуулийн төслийг парламентад өргөн барина гэж мэдэгджээ.


“Баярын өдрүүд бол гэр бүлийн уулзалтад маш чухал байдаг билээ. Ирэх долоо хоногийн лхагва гарагт Зул сарын баярын амралт эхэлнэ. Манай олон иргэн эцэг, эх, хүүхдүүд, найз нөхдийндөө зочлохыг хүсдэг. Өмнөх жилүүдийн адил сая сая хүн галт тэргээр явахыг илүүд үзнэ. Тиймээс би төмөр замын бүх ажилчин, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад энэ үеэр Францын иргэдийн төлөө нэгдэж, завсарлага авах талаар бодож үзэхийг хүсэж байна” гэж Фаранду мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ