С.Пүрэвсүрэн: Сонинд гарах хэдхэн мөр маш их хөдөлмөр, маш их үнэ цэнээр бий болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-12-17 17:53:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Ган үзэг-2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын "Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл" төрөлд "Дундговийн амьдрал" сонин тэргүүн байр эзэлж, шагналаа аваад удаагүй байтал тус сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн өөрөө “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртэж, Дундговьчуудын хувьд давхар давхар баяр тохиолоо.

Сэтгүүл зүйн салбарт 46 жил ажиллаж яваа ахмад сэтгүүлч Сандагийн Пүрэвсүрэнтэй түүний ажил, амьдрал, сонины түүх, сэтгүүл зүйн салбарын онцлог гээд өргөн хүрээнд ярилцлаа.  

-Таны эрхлэн гаргадаг “Дундговийн амьдрал” сонин “Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл”-ээр шалгарч, та өөрөө “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнуулсан нь таны хувьд болон Дундговьчуудын хувьд давхар, давхар баяр болж байна. Та энэ баяраа манай уншигч олонтой хуваалцана уу?

-Манай аймгийн сонин бий болоод одоо 71 жил болж байгаа юм. Сонины маань нэр түүхэн энэ хугацаанд 4 удаа өөрчлөгдсөн байдаг. Эхлээд “Улаан туг” нэртэй байлаа. Дараа нь “Хотол чуулган” нэрээр хэвлэгдэн гарч байгаад 1992 оноос “олон нийтийн чөлөөт хэвлэл “Хадаг” сонин болж, одоо “Дундговийн амьдрал” нэрээр олон түмэндээ хүрч байна.

Сониноо долоо хоног бүр тогтмол гаргаж байна. Аль болохоор таслахгүй байхыг л хичээдэг юм. Мэдээж бэрхшээл байлгүй л яахав. Гэхдээ сонин гэдэг чинь эргээд түүх болж үлдэх болохоор би орхиж чаддаггүй. Тэгээд ч сонинд хүүхэд байхаасаа татагдаж, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, амьдралынхаа бүхий л цаг хугацааг сониндоо л зориулсаар өнөөдрийг хүрлээ шүү дээ.

Бодоод байхад, төрсөн эгч Л.Дашням маань 35 жилийн өмнө Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, төрсөн ах Д.Дашжамц маань 5 жилийн өмнө Монгол Улсын сайн малчин цол хүртсэн байна лээ. Тэгээд энэ жил би Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ. Хүн чинь энэ үед хийсэн бүхнээ эргэн харж, дүгнэн цэгнэж үздэг юм байна.

Анх сургуулиа төгсөж, Луус суманд бага ангийн багшаар ажиллаж байгаад “Улаан туг” сонинд сурвалжлагч, утга зохиолын ажилтан, Хэнтий аймгийн “Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгч, “Үнэн” сонин, МОНЦАМЭ агентлаг, Монголын радиогийн Хэнтий аймаг, Дундговь аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад 1990 оны эцсээр “Улаан туг” сонины эрхлэгчээр ажиллаж эхэлснээс хойш сонинтойгоо хамт л явна. Сониндоо сэтгэлээ өгч, сониноо таслахгүйн тулд тэтгэврийн хэдээ хүртэл л зарцуулж, цаг хугацааг туулж ирсэн дээ. Найз нөхөд, хамт ажиллаж байсан хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд гээд маш олон хүн ирж баяр хүргэсэн. Хүмүүс миний өмнөөс баярлаж байхад сэтгэл хөдлөхгүй, баярлахгүй байхын аргагүй юм шүү.

-Та хүүхэд байхаасаа л аймгийн сонины газарт үсэг өрөгч хийдэг байсан гэж сонссон. Тэгэхээр сониндоо, сэтгүүлч мэргэжилдээ үнэхээр дурлаж байсан гэсэн үг үү?, олон жил сэтгүүлч хийсэн таны хувьд ярих юм их л байгаа даа?

-Би энд наймдугаар ангиа төгстөл сурч байгаад дараа нь нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг төгссөн. Би чинь зургаа, долдугаар ангиасаа л аймгийн сонины үйлдвэрт үсэг өрж л ажлын гараагаа эхэлсэн хүн байхгүй юу. Тэр үед сонины газар гэдэг чинь том хамт олон байсан.

Миний хүүхэд байхдаа ч, дараа нь ч ажиллаж байсан тэр сонины үйлвэрийн суурин дээр одоо ч үсэг өрөөд бланк, жижиг сажиг юм хэвлэдэг газар байсаар байна. Яг үнэндээ одоо техник, технологи хөгжчихөөд байгаа өнөө үед тэр үеийнх шиг ингэж үсэг өрж юм хэвлэдэг газар дэлхийд байтугай Монголд ч  байхгүй. Одоо тэгээд үсгийг нь үйлдвэрлэдэг, сувгийг нь хийдэг газар байхгүй болчихоод үсгийн фонд нь багасаад байх шиг байгаа юм. Энэ бол түүх юм даа.

Үсэг өрнө гэдэг маш их цаг ордог, маш хүнд ажил байлаа. Нэг сонины нүүр одоо бодоход маш их үнэ цэнээр бүтдэг байжээ. Шүдэнзний модны хугархай шиг тугалган үсгийг ширхэг ширхэгээр нь түүж өрөөд бүхэл бүтэн сонины нүүр гардаг байсан. Цаана нь цайр зураг гаргана гэж олон дамжлагатай асар хүнд ажил байсан. Үсэг өрөгч хүний өдрийн норм А3 сонины нэг нүүр гээд бодохоор  асар их хөдөлмөр байлаа шүү.

Үнэн сонины сурвалжлагч гэдэг бол өндөр албан тушаал байлаа шүү дээ. Цалин хангамж сайтай. Аймгийн хоёр даргын дараах цалинг л авдаг байсан. Аймгийн дарга нар хэрэв Үнэн сонинд бичүүлвэл тэгээд хэцүү юм болдог байлаа. Тийм болохоор хэвлэл мэдээлэл гэдэг тийм хүчтэй.

Хэнтий аймагт найман жил ажилласан. Дараа нь нутагтаа ирээд 30-аад жил сониндоо ажиллаж явна. Хүүхэд байхаасаа л үсэг өрж, сонинд бичиж явлаа.

-Тэгэхээр та хүүхэд байхаасаа л идэвхтэн бичигч, сэтгүүлч байжээ дээ. 

-Би дунд сургуульд үсэгч өрөгч хийж байхаасаа төв, орон нутгийн хэвлэлд мэдээ, материал нийтлүүлж, олон уралдаанд оролцож, хэд хэдэн удаа түрүүлж байсан юм. Сонины 20 жилийн ойгоор, одоогоос 51 жилийн өмнө гэсэн үг шүү дээ, би наймдугаар ангид байсан, сүүлд УИХ-ын гишүүн болсон Содномын Батмөнхийн тухай “Хүслийн цаана хүсэл бий” гэсэн найруулал бичээд уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан юм. Нэгдүгээр байр байхгүй гээд, түрүүлж байсан гэсэн үг. Батмөнх бид хоёр нэг хонхрын, нэг хотонд өссөн хоёр.

Тэр сонинд бас “Улаан туг” гээд шүлэг маань хэвлэгдэж, Майн баярын жагсаал дээр тэр үеийн мундаг нэвтрүүлэгч “бүдүүн” Халтар гуай чанга яригчаар уншиж, хүүхэд байсан болохоор мөн ч их хөөрч байж билээ. Ер нь 10 дугаар ангиа төгстөл “Улаан туг”, “Улаанбаатарын мэдээ”, “Пионерийн үнэн” сонины байнгын бичигч байсан.

1970-1973 онд Луус сумын сургуульд багшилж байхдаа сургууль дээрээ “Өсвөрийн сурвалжлагчдын хэсэг” байгуулан “Улаан туг”, “Пионерийн үнэн” сонин, Монголын радиод сургууль, багш нарын ажил амьдралын тухай мэдээ, материал нийтлүүлж, нэвтрүүлж, нэлээд хэдэн найруулал, сурвалжилга хийж байсан. Мөн тэр үед сурган хүмүүжүүлэх уншлагад “Монголын уран зохиолын сурган хүмүүжүүлэх ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, аймагтаа тэргүүн байр эзэлж байсан. Уран зохиол бол үнэхээр хүмүүжлийн асар их ач холбогдолтой салбар гэж боддог юм.

-Дундговь аймгийн “Улаан туг” сонины үйлдвэрт үсэг өрөгч, идэвхтэн бичигч байжээ. Яг сонины сурвалжлагчаар хэзээ ажиллаж эхлээд, энэ сонинтойгоо ажил амьдралаа холбосон бэ, сонинд ажиллаж байх үедээ шинэхэн сурвалжлагч мэдээж их л “мандаж” байсан байх?

-Би сургуулийн багш байж байгаад 1973 онд сонины газар сурвалжлагчаар орсон хүн шүү дээ. Яг 1973 оны долдугаар сарын нэгэнд ажилд орсон байдаг. Сурвалжлагч, утга зохиолын ажилтан, улмаар хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

1977 он хүртэл энд ажиллахдаа аймаг, орон нутгийн анхаарал татсан эмзэг сэдвүүдээр асуудал дэвшүүлсэн өгүүллүүд, хөдөлмөрийн хүний тухай туршлага, хөрөг тэмдэглэл мөн ч олныг бичсэн дээ. Энэ үед сониныхоо нийтлэлийн бодлого, өнгө үзэмж, загварыг сайжруулж, тухайн үед Монголын сэтгүүлчдийн холбоо, салбарын үйлдвэрчний байгууллагаас зарласан уралдаанд манай сонин гурван жил дараалан тэргүүн байр эзэлж байлаа.

Бас болоогүй ээ, залуу, шинэ боловсон хүчин байсан учраас их идэвхтэй байлаа. “Авхаалж, сэргэлэнчүүдийн тэмцээн” гэж зохион байгуулдаг, ХЗЭ-ийн хорооны дэргэд “Алиа шогчдын клуб” санаачлан байгуулж, “Тэгнэ байх аа бас...”, “Ёс ёмбогор, төр төмбөгөр” зэрэг бүрэн хэмжээний хөтөлбөр, жүжиг тоглуулж, эвлэлийн байгууллагыг санхүүжүүлэхэд их нэмэр болдог л байлаа шүү дээ.

Тэгээд “Залуучуудын үнэн” сонины 50 жилийн ойд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, дараа нь 1977 онд МАХН-ын дээд сургуулийн үндсэн ангид суралцах эрх авч байлаа. Энэ бол их олон шалгуураар шигшигддэг, том даваа байлаа шүү дээ.

Намын дээд сургуульд сурч байх үедээ хэвлэн нийтлэх ажил маань үргэлжилсээр л байсан. Тэр үед “Спортын мэдээ” сонинд нийтлүүлсэн орчуулгууд, “Залуу үе” сэтгүүлд бичсэн ёс суртахууны сэдэвт өгүүллүүдээрээ оны нэрэмжит шагнал хүртэж байсан.

-Та Хэнтий аймагт бас ажилласан гэсэн. Намын сургуулиа төгсөөд шууд тийшээ явсан юм уу?

-За тэгээд Намын дээд сургууль төгсчихсөн хүн чинь их л дэврүүн, хийж бүтээх асар их сэтгэл өвөрлөөд л тэнд очсон шиг байгаа юм. Өмнө нь аймгийнхаа сонинд дөрвөн жил ажиллачихсан, Санжийн Батмөнх гэж гайхамшигтай эрхлэгчийн гарт дөрвөн жил нухлуулчихсан, Цэндийн Чимиддорж, Цогсүрэнгийн Ганболд, Дуламын Цэрэннадмид гээд асч дүрэлзсэн, халгиж цалгисан авьяастай залуучуудтай хамт ажиллаж байсан гээд бодохоор гайхалтай.

Хэнтий аймгийн “Урагшаа” сонины эрхлэгчээр 1981-1987 онд ажилласан байдаг юм. Очоод сониныг нийтлэг хэвшмэл загвараас нь салгаж, өнгө төрхийг нь өөрчилж, олон нийтийг идэвхжүүлсэн хурц, дайчин нийтлэлүүдийг тавьж, сониноо олон нийтийн ухамсрыг сэргээхэд чиглүүлж чадсанаар сонины захиалгын тоог бараг 2,5 дахин нэмэгдүүлсэн байдаг юм.

“Урагшаа” сониныг би өмнөх хэвшмэл загвараас нь гаргаж шинэчилчихээд нийгмийг цочролд оруулж, нэлээд шүүмжлүүлж байлаа шүү дээ. Харин сүүлд нь Намын төв хорооны үзэл суртлын хэлтсээс сайшааж, энэ шинэчлэлийг орон нутгийн бүх сонинд нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж байлаа.

Энэ үед Халх голын байлдааны ахмад дайчин Ч.Шаарийбуугийн гавьяаг мөнхжүүлэх зорилгоор цуврал нийтлэл бичиж, “Соёо Дорж мөн үү” цуврал сурвалжилга хийж, “Үндэсний сурын спорт шоовдорлогдсоор байх уу?” өргөн олон нийтийн хэлэлцүүлэг явуулж байсан нь уншигчдын сэтгэлд их нийцэж байсан шиг байгаа юм.

Ёс суртахууны болон хүмүүжлийн сэдвээр тухайн үед эрч хүчтэй өрнөж байсан социалист уралдааныг их далайцтай, олон хэлбэрээр бичдэг байсан даа. Ингэж чадсанаар МСХ-ны хороо, салбарын ҮЭ-ийн зарласан болзолт уралдаанд 4 жил дараалан шалгарч, тэр үедээ орон нутгийн хамгийн шилдэг сонин болж байлаа.

Өө, тэгээд ЗХУ-ын Чита мужийн “Забайкальский рабочий” сонинтой холбоо тогтоож, сэтгүүлчдээ солилцон, хамтран тусгай дугаар гаргаж, Фото зургийн үзэсгэлэнгээ солилцох зэргээр гадаад харилцааг хөгжүүлж байсан. Тэр үед Төв, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн сониноос ирж, туршлага судалдаг, Намын төв хороон дээр миний илтгэлийг хэлэлцээд арга ажиллагааг дэлгэрүүлэх шийдвэр гарч байсан юм.

Тэгээд 1987 онд “Үнэн” сонин МОНЦАМЭ агентлаг, Монголын радиогийн Хэнтий аймаг дахь сурвалжлагчаар томилогдож, 1990-ээд оны сүүлч хүртэл Хэнтий, Дундговь аймагт энэ албандаа ажилласан даа.

-Их сонирхолтой юм. 1980-аад оны сүүлч гэхээр өөрчлөн байгуулалтын үе байсан. Энэ үед сэтгүүлчид бүгд л нийгмийг хөдөлгөөнд оруулахад чиглүүлсэн мэдээ, сурвалжилгаа бичдэг байсан байх даа.

-Ер нь тийм л байсан. Энэ үед “Нутгийн 15 үнээнээс гэдгийн цаана...”Суудлын машины эрэл, эзэгнэл”, “Гал шарын унага”, “Явуулын хүн”, “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, “Дундговьд дуучин цөөрөх вий” гээд асуудал дэвшүүлсэн хэдэн зүун өгүүлэл бичсэн байдаг юм. Энэ маань уншигчдын таашаалд их нийцсэн байдаг.

Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн “Дөрөө даах гутал”, “Нэгдэл гэдэг айл нэг л биш ээ” зэрэг буланд өөрчлөн байгуулалтын уур амьсгалтай олон нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэж, нэвтрүүлж байлаа. Тэгээд 1988, 1989 оны тэргүүн бучлэгийн тусгай шагналыг хүртэж, ЗХУ (хуучин нэрээр)-д хэд хэдэн удаа сурвалжлах ажлаар явж, Москва хотын Нийгмийн ухааны академид сарын дамжаанд суралцаж байсан.

-Таны эрхлэн гаргадаг сонин энэ жил “Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл”-ээр шалгарсан болохоор би танаас сонины талаар л дахин асуух гээд байна. 1990 оноос хойш аймгийнхаа сонинтой эргээд холбогдож ээ дээ.

-1990 оны эцсээр аймгийн АДХ-ын хуралдаанаас улс төрийн хүчнүүдийн зөвшилцлийг үндэслээд намайг “Улаан туг” сонины эрхлэгчээр томилсон юм. Тиймээс өмнөх олон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэ үеэс сонин маань чөлөөт хэвлэл болж, нэрийг нь солих гээд уралдаан зарлаж,  “Хотол чуулган” нэр өгч, нийтлэлийн бодлогыг ардчилсан хувьсгалын цоо шинэ цаг үе, үйл явдалтай нийцүүлэн гаргаж, өөрчилсөн юм. Хэдэн жил энэ нэрээрээ явж байгаад төрийн мэдэлд сонингүй болж, энэ нэрийг гурван жил билүү ашиглаж болохгүй гээд хаачихсан юм.  

Тэгээд л 1992 оноос олон нийтийн чөлөөт хэвлэл “Хадаг” гэдэг сониныг бие даан гаргаж эхэлсэн. Хөдөө орон нутгийн чөлөөт хэвлэлүүдээс анхдагч байлаа. Зах зээлийн хамгийн хүнд хэцүү үед ч сониноо гаргаж байсан юм. 1994 онд Засгийн газрын жуухаар шагнуулж, 2002 онд Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Орон нутгийн шилдэг хэвлэл”-ээр шалгарсан байдаг юм.

Харин “Дундговийн амьдрал” сониноо 2013 оны дөрөвдүгээр сарын нэгнээс гаргаж эхэлсэн. Сонинд маань тогтвортой ажиллачих хүн бас олдохгүй ээ, цалингаа голоод байх юм. Нэг үеийг бодвол хүмүүс их олон сувгаар мэдээлэл авдаг болчихоод сонины захиалга тэгтлээ өсөхгүй л байгаа юм. Гэхдээ сонин л үлддэг байхгүй юу. Хэдэн ч жил болж байсан энэ бол түүх болоод л үлдэнэ. Тийм болохоор сониноо тогтмол гаргаж л байхыг боддог доо.  

-Өнөөдрийн энэ өндөрлөгөөс эргээд харахад танд юу бодогдож байна вэ? Сэтгүүлч мэргэжлээрээ бахархахын тухайд...?

-Эргээд бодоход сонин гаргана гэдэг маш их хөдөлмөр ордог байлаа шүү дээ. Социализмын үед бол аймгийн Намын ч юм уу, Ардын депутатуудын хурал хуралдаад орой нь тарахад маргааш өглөө нь аймгийн бүх дарга нарыг цуглуулаад цаг үеийн ажлаар семинар өгдөг байлаа. Тэд нарыг семинарт ирэхэд ширээн дээр нь нөгөө дарга нарын илтгэлтэй сонин байж байх ёстой байдаг. Бүх юм их нарийн дэг журамтай, стандартаар явдаг байсан. Өглөө нь сонинтой байхын тулд нөгөө дөчин хэдэн хүн чинь шөнөжин ажиллана.

Нэг бүтэн сонин А3-ын хэмжээтэй дөрвөн нүүр, илтгэл нь том хэмжээтэй бол найман нүүр гарна. Маш хэцүү. Үсэгнүүдээ нэг нэгээр нь өрөөд, нэг нүүрийг хэвлэх үсгүүд нийлээд 50, 60 кг болно, түүнийгээ машин дээр аваачиж тавиад рамаа түгждэг байхгүй юу. Ширхэг ширхэгээр нь өрчихсөн үсгүүдийг чинь дөрвөн талаас нь шахаад түгждэг, заримдаа яарч байгаад нөгөө түгжээгээ хийлгүй машинаа ажиллуулчихлаар нөгөө үсгүүд чинь машины ард уул овоо шиг л хэвтэж байдаг. Тэгээд яахав дээ, дахиад л үсгүүдээ өрдөг байлаа. Тийм тохиолдол хэд хэд л гарч байсан.

Тэгээд л шөнөжин ажиллаад өглөө радио дуугараад л нар гарахад чинь сонин бэлэн байж байдаг байлаа. Тийм л цаг үеийг туулсан юм шүү дээ.

Тэр үетэй харьцуулахад өнөөдөр техник, технологи хөгжиж, хүмүүсийн шаардлага ч их өндөр болж байна.

Сониноо гаргах гээд хонон өнжин редакцийн өрөө, хэвлэлийн машины дэргэд халтар сарман царайтай өглөөний радио, дохиог сонсон олон өглөөг угтаж байснаа одоо дурсахад сайхан байдаг юм. Их олон хүний хүч хөдөлмөрөөр нэг сонин гардаг байлаа шүү дээ.

-Та бас төрд олон жил ажилласан. Аймгийн ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч, МХГ-ын дарга, МХГ-т хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан. Төрийн ажил хийхийн хажуугаар сониноо мөн гаргасаар байсан уу? Таныг харахаар их олон ажлыг амжуулж байх шиг санагддаг юм.

-Тэгэлгүй дээ, сониноо гаргасаар л байсан. Сониныхоо ажлыг эрхлэхийн хажуугаар Dundgovi.mn вэб сайтыг ажиллуулаад, 10-аад жил Монголын радиогийн сурвалжлагч хийлээ. Фото зураг бол миний сонинд зүтгэсэн бүх хугацааны дагуул, аппаратаас салсангүй, ТВ-д ч мөн орон гаран ажиллаад авсан байдаг.

Сэтгүүлчийн цаг наргүй ажлын хажуугаар сонгууль их хүлээж байжээ. 1990 оноос хойш хоёр жил АДХ-ын депутат, тэргүүлэгч, 1996-2004 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, сүүлийн дөрвөн жилд нь тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. 2012-2016 онд Сайнцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр мөн сонгогдсон байдаг.  

“Миний зам” дурсамж тэмдэглэл, “Ардчилсан хөдөлгөөн Дундговьд” түүхэн найруулал, “Миний нутгийн алтан бурхад”, “Эр хүн хэлсэндээ хүрдэгсэн”, “Миний тэнгэрлэг аав-3” хөрөг найруулал, тэмдэглэл”, Гучин жилийн алтан дурсамж”, “Малчны ухаан” найруулал, тэмдэглэлийн гээд хэд хэдэн ном хэвлүүлж, 60 гаруй номыг редакторлан шүүж байсан байна лээ.

Тэгээд сэтгэл, зүтгэл хоёр байхад бүх зүйлийг амжуулж болдог л юм шүү дээ.  

-Та залуу сэтгүүлчид болон уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?

-Сонинд гарах хэдхэн мөр. Чухам л үүний төлөө сэтгүүлч хүн нойроо хугасалж, хагас зуу, зуун километр алхаж, гэр бүлээ ч умартаж, амралт, чөлөөт цагаасаа хороож,  заримдаа ч өөрийгөө золиосолж явдаг юм.

Үүнээс халширвал чи сэтгүүлч болж чадахгүй, хэрвээ үүнээс халширвал аль нэг сонин, аль нэг редакцийн хаалгыг татаад ч хэрэггүй ээ гэж захимаар байна.

Уншигчид маань тэр хэдхэн мөрний үнэ цэнийг ойлгоосой гэж боддог. Сонинд гарах хэдхэн мөр маш их хөдөлмөр, маш их үнэ цэнээр бий болж байгаа юм шүү. Тэр хэдхэн мөр түүх болон үлдэнэ. Түүхийн бичээс эх сурвалж болж, хэдэн зууны дараа ч үнэ цэнтэй хэвээр байх болно гэж би хэлэх дуртай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа, Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. 

Холбоотой мэдээ