Аймгийн ИТХ-аас Хужирт сум дахь рашаан сувиллын эздэд үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-16 18:15:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан Хужирт суманд боллоо. Хуралдаанаар 4 асуудал хэлэлцсэний нэг нь “Хужиртын рашаан шавар болон цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” байв.

Тус суманд рашаан сувилал, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд “Хужиртын хөх сувд”, “Хужиртын хар сувд” гэж нэрлэгдэх рашаан ус, шаврыг ашиглан багагүй ашиг олж байгаа ч байгалийн баялгийг ариг гамтай ашиглах, орон нутагт элэгтэй, сэтгэлтэй хандах тал дээр дутуу дулимаг байдгийг олон жишээ харуулж байна.

Тухайлбал, “Хужирт рашаан сувилал” ХХК, “Элма Хужирт” ХХК, “Ананд Хужирт” ХХК, “Тө, Ба, Сэ” ХХК нь  ашиглалтаас гарч байгаа бохир усыг ил задгай урсгадаг нь газрын хөрсөнд нэвчиж, рашааны эх ундарга, чанарт сөргөөр нөлөөлөх, хүн, малын халдварт өвчин тархах хэмжээнд хүрээд байгаа юм. Түүнчлэн газрын хашаалсан талбай нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хэмжээнээс зөрүүтэй, нийт 6.56 га газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж байна.

Сумын ИТХ-ын тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийн хүрээнд шийдэгдэхгүй өнөөг хүрч байгаа уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, дахин үүрэг өгсөн юм. Энэхүү үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохих шийдвэрийг гаргахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааныг ийнхүү Хужирт суманд зохион байгууллаа. Хуралдаанд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар,  Мэргэжлийн хяналтын газар, Орхон-Чулуутын сав газрын захиргаа, Хархорин - Ус суваг”, “Монгол ус ТӨҮГ, "Хужирт эрдэс баялаг" ОНӨХК, Хужирт сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, рашаан сувиллын захирал, ажилтнууд оролцсон юм.

Энэ үеэр рашаан сувиллуудын цэвэрлэх байгууламжийг харахад хүчин чадал хүрэлцээгүйн улмаас хальж асгасан, цэвэрлэх байгууламжаас шланкаар соруулж эрүүл газар руу урсгасан бохир ус том хэмжээний талбайг эзэлж хөлдсөн байдалтай байв. Үйл ажиллагаанаасаа гарсан бохир усыг “Хархорин ус суваг” ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжид нийлүүлэх гэрээ байгуулсан ч зардал их гардаг, машин эвдэрсэн гэх шалтгаанаар ийнхүү аргацааж, хэдэн жилийн нүүр үзэж байна. Тиймээс Тэргүүлэгчдийн болоод иргэдийн зүгээс рашаан сувиллын эздэд хариуцлага тооцож, зөрчлөө бүрэн арилгатал үйл ажиллагааг нь зогсоох цаг болсон гэж байлаа.

Уг асуудалтай холбогдуулан хуралдаанаар тодорхой шийдвэрийг гаргалаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын ариутгах татуургын систем буюу цэвэрлэх байгууламжийг барихаар зураг төслийн ажлыг өнгөрсөн жил гүйцэтгэж, ажлын сонгон шалгаруулалтыг энэ 12 дугаар сард эхлүүлээд байна. Сум нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болох хүртэл хугацаанд рашаан сувиллууд бохир усаа “Хархорин - Ус суваг” ОНӨҮГ-ын цэвэрлэх байгууламж руу зөөх, мөн анхан шатны цэвэрлэх байгууламжуудыг ирэх онд бүрэн барих, саарал усаа дахин ашиглах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Холбоотой мэдээ