БНАСАУ-д авсан хоригийг зөөлрүүлэхийг санал болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /RIA Novosti/. БНАСАУ-ын хүмүүнлэгийн байдлыг сайжруулах зорилгоор тус улсад авсан зарим хориг арга хэмжээг зөөлрүүлэх тогтоолын төслийг ОХУ болон БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьжээ.
БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаатай холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээг Аюулгүйн зөвлөл зохицуулах ёстой гэж уг тогтоолын төсөлд онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн БНАСАУ-ын иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлах хэрэгтэй гэж дурдсан байна.
Баримт бичигт “дэд бүтэц байгуулахад ашиглаж болох гэхдээ БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт хэрэглэх боломжгүй үйлдвэрлэлийн зарим тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг, мөн гэр ахуйн зарим хэрэгслийг” хориг арга хэмжээнээс хасахыг санал болгосон байна. Түүнчлэн төмөр, цэвэр зэс, төмөр зам, дэр модны материал, дээвэр, цонх үйлдвэрлэх зориулалттай төмөр болон ган, халив /отвёртка/, эрэг шураг, бульдозер, экскаватор, замын индүү зэргийг оруулсан жагсаалтыг хавсаргажээ.
Хэрэв энэхүү баримт бичиг батлагдвал зүү, тавтай зүү, хутга, хайч, халбага, сэрээ, радиатор, төвийн халаалтын зуух, агааржуулагч, хөргөгч, 1500 ватт-аас ихгүй хүчин чадалтай, 20 л-ээс хэтрэхгүй хогийн ууттай тоос сорогч, усны бойлер, богино долгионы зуух, цахилгаан зуух, унадаг дугуй зэргийг БНАСАУ-д нийлүүлэхийг зөрвшөөрч магадгүй байна.