Владимир Путиний хэвлэлийн том хурал. Гол мэдэгдлүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-20 12:47:13

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн том хурал өчигдөр боллоо. Тэрбээр 15 дахь удаагаа ийм хэлбэрээр сэтгүүлчидтэй уулзаж буй юм. Оросын удирдагч 4 цаг 18 минутын турш 57 асуултад хариулжээ.


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Холбоот улсын тухайд

В.Путин ОХУ-ын шинэ Үндсэн хуулийг батлахыг эсэргүүцэж байна. Үүний сацуу тэрбээр Үндсэн хуульд парламентын эрхийг өргөжүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгож буй хүмүүсийн "логикийг ойлгож байна" гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр төрийн тэргүүнээр хоёр удаа дараалан сонгогдоход тавьсан Үндсэн хуулийн хязгаарлалтыг өөрчилж болно гэж үзэж байна.


Холбоот улс байгуулах тухайд В.Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой нэгдэх үйл явцыг түргэтгэхээр шийдсэн гэж мэдэгдэв. Тэрбээр мөн Оросын хийг Смоленск мужийн үнээр Беларусьт худалдах боломж бүрдүүлэхийн тулд үндэсний хэмжээнээс хальсан зарим асуудлыг шийдэх хамтарсан байгууллагыг тус улстай байгуулахад бэлэн байна гэж нэмж хэллээ. Үүний зэрэгцээ Беларусь Оросын хийг хамгийн хямд үнээр мянган шоо метр тутамд 127 ам.доллароор хэдийнээ авч байгааг тэрбээр хэлэв.


Түүний хэлснээр, Беларусьтай үндэсний хэмжээнээс хальсан зарим асуудлыг шийдэх хамтарсан байгууллагууд байгуулах замаар урагшлах улс төрийн хүсэл эрмэлзэл ОХУ-д бий.


Эдийн засгийн өсөлт ба үндэсний төслүүдийн тухайд

ОХУ-ын инфляц 2020 оны эхээр 3 хувьд хүрч магадгүй гэж В.Путин мэдэгдлээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улсын жилийн инфляц 3.25 хувьтай байна. Эдийн засгийг өсгөх гол нөхцөлүүдийн нэг бол инфляцыг тодорхойлох юм гэж тэрбээр хэлжээ.


В.Путиний хэлснээр, эдийн засагт улс төрийн сэдэлтэй хязгаарлалтаас зайлшгүй ангижрах шаардлагатай. “Энэ нь дэлхийн худалдаа, эдийн засагт асар их хохирол учруулна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Улс орных нь эдийн засаг “гадаад цочролд дасан зохицсон”, харин үндэсний валют нь “эрчим хүчний эх үүсвэрүүдийн ханшийн боломжит хэлбэлзэлтэй холбоотойгоор илүү тогтвортой болсон” гэдэгт ОХУ-ын төрийн тэргүүн итгэлтэй байна. Түүний үзэж байгаагаар, “энэ утгаараа Оросын эдийн засаг, үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн газрын тосны зах зээлээс тодорхой хэмжээгээр салж байна”. Хэдийгээр сүүлийн 20 жилийн хугацаанд Орос улс маш их өөрчлөгдсөн боловч тус улсын шийдэх ёстой хамгийн гол асуудал бол ядууралтай тэмцэх юм гэж тэрбээр хэллээ. Хүн амын бодит орлого буурсныг хөдөлмөрийн бүтээмж, ДНБ-ийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэж В.Путин үзэж байна


Хориг арга хэмжээ, АНУ, ЕХ-той хийж буй харилцааны тухайд

АНУ ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тохиолдолд хариу арга хэмжээ авна гэж В.Путин мэдэгдэв. Тэрбээр хязгаарлалтын арга хэмжээг “Оросын эсрэг туйлын найрсаг бус үйлдэл” гэж нэрлэлээ. АНУ-ын төрийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран ОХУ тус улстай харилцаагаа сайжруулахыг зорьж байгаа гэдгийг Оросын удирдагч хэлжээ. Түүний хэлснээр, ОХУ Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах гэрээг ямар ч үед сунгахад бэлэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл хүлээлгэх эсэх үйл явцын тухайд ярихдаа тэрбээр үүнийг тус улсын Ардчилсан намаас санаачилсан дотоод улс төрийн тэмцэл гэв. Харин Европын Холбоотой /ЕХ/ хийж буй харилцааны тухайд ОХУ-ын эрх баригчид тус холбоотой харилцаагаа хэвийн болгохыг дэмжиж байгаа гэж мэдэгджээ.


Украинтай маргаантай байгаа хийн асуудлын тухайд

Хэдийгээр "Газпром" болон " Украины Нафтогаз" компанийн хоорондох маргааны талаарх  Стохгольмын арбитрын шүүхийн шийдвэр нь улс төрийн шинжтэй боловч Украины хийн асуудлаар бүх талд хүлээн зөвшөөрөгдсөн шийдлийг хайхад ОХУ бэлэн байна гэж В.Путин мэдэгдсэн байна. Үүний сацуу тэрбээр ОХУ-ын Үндэсний халамжийн сангаас авсан 3 тэрбум ам.долларын зээлээ Украин  төлөөгүй байгааг сануулжээ.


ОХУ Украины нутгаар дамжуулан Европт хий нийлүүлэх маршрутыг хэвээр үлдээнэ, хэдийгээр энэ маршрут нь илүү үнэтэй тусах боловч гол асуудал нь дамжин өнгөрөх гэрээ байгуулах хэмжээ, хугацаанд байна гэж В.Путин онцлон хэлэв. Үүний зэрэгцээ тэрбээр Украинаар дамжих транзитыг дараа нь зогсоохын тулд тодорхой хугацаагаар гэрээ байгуулах зорилго ОХУ-д байхгүй гэж цохон хэлсэн байна. 


ОХУ урьдын адил хөнгөлөлттэй үнээр хий нийлүүлэх хэвээр байна гэж В.Путин нэмж хэлжээ.


Донбассын байдлын тухайд

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болоод бусад орны удирдагчдыг тодорхойлох нь буруу гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Гэхдээ Минскийн гэрээг дахин хянаж магадгүй тухай Украины удирдагчийн мэдэгдэл түүнийг түгшээсэн гэж тэрбээр онцлон хэлжээ.


В.Путиний хэлснээр, хэрэв одоо хэрэгжиж байгаа гэрээг дахин хянаж эхэлбэл “байдал гацаанд орж магадгүй юм”. Донбассын асуудлыг хүчээр шийдэх оролдлого нь үр дүнд хүргэхгүй гэдгийг тэрбээр онцлон дурдаад, “Нормандын хэлбэрээр” ажлаа үргэлжлүүлэх нь оновчтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


ОХУ-ын төрийн тэргүүн Донбасст гадаадын цэргүүд байхгүй зөвхөн нутгийн иргэдээс бүрдсэн өөрийгөө хамгаалах хүчин байгаа гэдгийг хэлжээ. Хөлсний цэргүүдийн хувьд түүний хэлснээр, Донбасст үнэхээр "нэг болон нөгөө талд тулалдаж байгаа франц, германчууд байгаа аж". Гэхдээ “тэд эдгээр зэвсэгт бүлэглэлийн үндэс суурийг бүрдүүлдэггүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Оросын удирдагчийн үзэж байгаагаар, АНУ болон Европын улсууд “Украины одоогийн дэглэм, удирдлагыг нэг талаар дэмжиж байгаа боловч зарим талаар ноцтой цохилт өгч байна”.


Нэг туйлт ертөнц болон үзэл суртлын тухайд

В.Путиний мэдэгдсэнээр, “нэг туйлт ертөнц хэдийнээ байхгүй болсон” бол олон туйлт ертөнц нь улс орнуудын эдийн засгийн хөгжлөөс үүсэн бий болжээ. Тэрбээр "дэлхий ертөнцийг дэлхийн бүх хамтын нийгэмлэг бүгд удирддаг нэгдмэл төвтэй нэг туйлтайгаар зохион байгуулах боломжгүй" гэж үзэж байна.


“Үгийнхээ хувьд хамгийн өргөн, хамгийн сайн утгаараа” эх оронч үзэл нь "орчин үеийн нийгмийн цорын ганц боломжит үзэл суртал" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Түүний хэлснээр, “энэ нь улс төржөөгүй, мөн ОХУ-ын дотоод үндэс суурийг бэхжүүлэхэд чиглэсэн байх ёстой”.


Зөвлөлтийн өвийн тухайд

В.Путин Зөвлөлтийн үед хүчирхэг улс орныг байгуулсан ахмад үеийнхэнд талархаж буйгаа илэрхийллээ. "Аугаа Эх орны дайны ялалт, сансар огторгуйн нээлт гээд бид бахархаж чадахаар олон зүйлийг Зөвлөлтийн үед хийсэн” гэж тэрбээр хэллээ. Үүний зэрэгцээ тэрбээр "бид зөвхөн өмнөх үеэс өвлөгдсөн хуучин нөөц боломж, хүчин чадлаар л амьдарч байна гэж үздэг хүмүүс үнэхээр эндүүрч, төөрөлдөж байгааг" тэмдэглэн хэлсэн байна.


Владимир Лениний Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн тухайд ярихдаа, В.Путин өөрийнх нь дүгнэснээр “улс төрийн зүтгэлтэн биш харин хувьсгалч байсан” гэж цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн Мавзолейгаас Лениний цогцсыг шилжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.


Аугаа Эх орны дайны үед Ленинградыг Гитлерт өгч болох байсан гэж маргаж буй хүмүүсийг В.Путин "тэнэг" гэв. Гитлерийн Герман болон ЗСБНХУ-ыг хооронд нь адилтгасан Европын парламентын шийдвэр нь үнэхээр хүлээн зөвшөөрөмгүй, буруу шийдвэр юм гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Спорт дахь сэргээштэй холбоотой байдлын тухайд

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ гаргасан шийдвэр нь шударга бус бөгөөд эрүүл саруул сэтгэлгээнд нийцэхгүй гэж В.Путин мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Олимпын хороонд гомдол санал ирээгүй учир энэ шийдвэр нь Олимпын хартитай зөрчилдөж байна.


Тэрбээр сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн аливаа шийтгэлийг хувь хүнд ногдуулах ёстой ингэснээрээ цэвэр тамирчид хохирохгүй гэж үзэж байна.


Тусгаар интернэтийн тухай 

В.Путин сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ тусгаар интернэтийн тухай хуулийг тайлбарлалаа. Түүний хэлснээр, интернэтийн тогтвортой байдлын тухай хууль нь интернэтийг хаах биш, харин ОХУ-ыг түүнээс салгах боломжийг олгохгүй байхад чиглэжээ.


Тодруулбал дотооддоо хязгаарлалт хийх биш харин гаднаас Орос улсыг сүлжээнээс салгахаас хамгаалах тухай асуудал яригдаж байгааг В.Путин цохон тэмдэглэсэн байна. 


Үйл ажиллагааных нь талаарх дүгнэлтийн тухайд

Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа түүхэнд ямар ул мөр үлдээх вэ гэдэгт тэрбээр өөрөө дүгнэлт өгөхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Түүний үзэж байгаагаар, "улс орныхоо төлөө хийсэн зүйлийг нь хүмүүс ирээдүйд үнэлнэ". Тэрбээр магадгүй ямар нэгэн зүйлийг хийж чадаагүй байж болохыг үгүйсгэсэнгүй.


ОХУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн эрхэнд байх үед нь тохиолдсон хамгийн хэцүү үйл явдлуудыг хэлжээ. “Хамгийн хүнд үйл явдал бол Беслан, Дубровкад болсон халдлагууд байсан. Энэ үйл явдлуудыг хэзээ ч мартаж чадахгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.


 


Холбоотой мэдээ