Чанар, аюулгүй байдал хангаагүй 2,444,880 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-04 13:20:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн МХА-наас хүнсний худалдаа, нийтийн хоолны газруудаар шинэ жилийн баярын өдрүүдийг угтан нэг сарын хугацаатай хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баяраар айл өрх бүр чихэр, шоколад, жимс жимсгэнэ, хиам, салат, өргөст хэмх гээд маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авдаг учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү хяналт, шалгалтыг хийсэн нь цаг үеэ олсон ажил болжээ.  

Хяналт шалгалтаар нийтийн хоол, хүнсний худалдааны 93 иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдалд үзлэг хийсэн бөгөөд хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, хадгалалтын горим, чанар аюулгүй байдал алдагдсан 96 нэр төрлийн 2,444,880 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтын ажилтнуудаар газар дээр нь устгуулж, зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллагуудад 800,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Тодруулбал, хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим алдагдсан, хаяг шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдал алдагдсан өндөг, шоколад, чихэр, элэгний нухаш, нарийн хиам, нарийн боов, сав баглаа боодлын битүүмжлэл алдагдсан салат, өргөст хэмх зэрэг түргэн муудах бүтээгдэхүүнүүдийг устгуулжээ.

МХА-наас иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтын хугацаа өнөөдөр дуусч байгаа ба цагаан сарын баярын үеэр мөн нэг сарын хугацаанд дахин хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Иргэд, худалдан авагчид худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго, бүрэн бүтэн байдал, хадгалалтын хугацааг сайн нягталж, баталгаатай бүтээгдэхүүн авч байхыг тус албанаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ