Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-17 13:22:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрсний таван жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулна. Энэ талаар “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээлэв.


Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.


Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх юм. Азтанууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт тодрох бөгөөд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах аж.

Холбоотой мэдээ