Лю Хө: Хятад, Америкийн хэлэлцээр гуравдагч орны эрх ашигт нөлөөлөхгүй

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-20 21:46:40

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд, Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн Хятадын талын ахлагч Лю Хө “Хятад, Америкийн худалдааны хэлэлцээр гуравдагч талын эрх ашигт хохирол учруулахгүй” гэдгийг илэрхийлэв.

Худалдааны эхний шатны хэлэлцээрийн дагуу Хятад улс АНУ-аас их хэмжээний Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн импортлох нь ямар нөлөө үзүүлэх талаар Лю Хө хэлэхдээ “Хятад, Америкийн худалдааны яриа хэлэлцээр хоёр чухал зарчмын дагуу хийгдсэн. Нэгд, гуравдагч талд хохиролгүй, хоёрт, Дэлхийн худалдааны байгууллагын зарчимд нийцсэн байх юм. Хятад улс их хэмжээний импорт хийхдээ зах зээл, нийлүүлэлтийн зарчмын дагуу ажиллана” гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Хятадын зах зээл бол олон улсын зах зээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг нэгэнт болоод байна. Аливаа улс орон импортыг хэдий хэмжээгээр хийхийг хүсэж байна шууд л тэр хэмжээгээрээ хийчихнэ гэж байхгүй. Тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг харуулах хэрэгтэй. Хэрвээ үнэ болон чанарын хувьд хэрэглэгчдийг татах чадваргүй бол тухай аж ахуйн нэгж бэлтгэлээ хангалттай хийж чадаагүй гэсэн үг” гэжээ.

Худалдааны эхний шатны хэлэлцээрийн дагуу Хятад улс АНУ-аас 2020 онд 12.5 тэрбум ам.долларын, 2021 онд 19.5 тэрбум ам.долларын Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн импортолно.

 

Холбоотой мэдээ