Залилах төрлийн гэмт хэрэг 3.2 дахин өсжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-20 16:57:08

Ховд /МОНЦАМЭ/. Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсч, иргэд хохирсоор байна.

Иймд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Ятгах тусам нягтал” аян зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газраас залилах гэмт хэргийн үзүүлэлт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, иргэдийн анхаарах асуудлын талаар тодрууллаа.

Ховд аймгийн хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг 2017 онд 6, 2018 онд 16, 2019 онд 52 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Ховд аймагт мал болон ямар нэгэн эд хөрөнгө зарна, шилжүүлнэ, сүлжээний бизнес ашигтай гэх байдлаар залилан мэхэлсэн гэмт хэргүүд зонхилон бүртгэсэн.

Тухайлбал, сүлжээнд элсүүлж байна гэх нэрийдлээр бусдаас мөнгө шилжүүлэн авч, хувьдаа ашигласан хэргийг цагдаагийн байгууллагаас 2019 оны 11 дүгээр сард илрүүлэн шалгажээ. Улмаар 11 үйлдэлтэй 130 сая орчим төгрөгийн хохиролтой хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн аж.

Залилах гэмт хэрэг нэлээд олон үйлдлийн аргаар өрнөдөг. Үүнд: 

-Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, "түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах”, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх зэрэг иргэний хуульд заасан гэрээний харилцааны явцад

-Гадаад улсын виз гаргаж өгнө

-Иргэдийн имэйл, фейсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны найз, нөхөд, ах, дүү нараас мөнгөний тусламж үзүүлээч хэмээн гуйх  

-Иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье гэх байдлаар, 

-Хуурамч баримт бичиг ашиглах, 

-Ажил, сургууль, цэцэрлэгт оруулна, диплом гаргаж өгнө,

- Төсөл, хөтөлбөр, зээлд хамрагдах болзол хангаж байна, урьдчилгаа байршуулна уу гэх мэт арга хэлбэрээр үйлдэж байна.  

Ялангуяа сүлжээний гэх тодотголтой хэргийн хохирлын мөнгөний урсгал гадагшаа чиглэж байгаа гэж албаны эх сурвалж хэллээ.

Залилах гэмт хэргийг анхнаасаа төлөвлөж хийдэг. Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд аливаа зүйлийг үргэлж нягтлан шалгаж, асууж тодруулж байх шаардлагатай гэлээ.

 

 

Холбоотой мэдээ