Тэсэлгээний материал бэлтгэдэг агуулахад тэсрэлт болж, таван хүн бэртжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-01-27 21:02:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын алтны уурхайд энэ сарын 24-ний өдрийн 12:30 цагийн орчим тэсэлгээний материал бэлтгэдэг агуулахад бэлтгэл ажил хийх явцад тэсрэлт болж таван хүн бэртэж гэмтжээ. 

Тодруулбал, Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т/ “Наранмандал” ХКК-ийн эзэмшлийн “Цагаан цахир” алтны уурхайд тус осол болсон байна. Уурхайд гэрээгээр тэсэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэдэг “Пироп-Эрдэнэ” ХХК-ийн ажилтнууд материалаа бэлтгэх явцдаа тэсрэлтэд өртжээ. 

Тухайн осолд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч иргэн Г /44 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч иргэн Д /22 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн харьяат иргэн Г /28 настай, эрэгтэй/ нар өртсөн бөгөөд биеийн байдал хүнд байсан тул энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хот ГССҮТ-д нисэх онгоцоор хүргүүлэн эмчлүүлж байгаа аж.

Осолд өртсөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч иргэн Э /24 настай, эрэгтэй/, нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Ж /33 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал хэвийн байгаа юм байна.

Холбоотой мэдээ