Өрсөлдөх чадвараараа Дундговь аймаг нэг алхам урагшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-01-27 10:27:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг найм дахь жилдээ тодорхойлж, тайлангаа гаргажээ. Энэхүү  судалгаагаар Дундговь аймаг 46,59 оноогоор 18 дугаарт эрэмбэлэгдэж, оноогоо ахиулсан найман аймгийн нэг болсон байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог аж.

Дундговь аймаг өнгөрсөн жилийнхээс оноогоо ахиулж, нэг алхмаар урагшилсан хэдий ч 2019 оны үнэлгээр говийн 4 аймагтаа сүүл мушгиж байна. Онооныхоо дүнгээр 100 оноотой Орхон аймгаас 53,4, зэргэлдээх Өмнөговь аймгаас 51,3, Говьсүмбэр аймгаас 35,2 оноогоор доогуур үнэлгээтэй байна.

Тус аймгийн Засаг дарга аймгийнхаа өрсөлдөх чадварт дүгнэлт хийж, сайжруулах зорилгоор хүсэлт гаргасны дагуу Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2016 онд “Говийн бүсийн чуулган 2016 - Нэг говь нэг зорилго" чууулганыг Мандалговь хотноо зохион байгуулсан.  Түүнээс хойш аймгийн өрсөлдөх чадвар жил бүр нэг алхмаар урагшилж байна.

Аймгийн өрсөлдөх чадвар уруудаагүй дүн гарсан ч гэсэн урагш ахих явц удаан байгаа нь энэхүү судалгааны жил бүрийн дүнгээс харагддаг.

Аймгуудын хөгжлийг үнэлэх энэхүү судалгаа орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийг хянах боломжийг олгож байдгаараа онцлогтой. Тиймээс судалгааны дүнд тулгуурлан аймгийнхаа хөгжлийн асуудлыг төлөвлөж ажиллах нь чухал байгаа юм.  

Холбоотой мэдээ