“Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-29 15:11:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанканд чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.


Төслийн талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг танилцуулав. “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр банкны системийн өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, улмаар эрсдэл даах чадвар сайжрах ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжин, банкуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломж бүрдэн, нээлттэй ил тод болох аж. Мөн зохистой засаглалын гол хүчин зүйл болох шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, хяналт-тэнцэл хангагдахын зэрэгцээ дотоод хяналтын тогтолцоо бий болох ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурдсан юм. Нөгөөтэйгүүр олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтыг нэвтрүүлэх, эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банканд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, улмаар банкны системд эдийн засгийн урт хугацааны тогтвортой хүртээмжтэй, эерэг өсөлтөд зохих хувь нэмрээ оруулна гэлээ. Хөтөлбөр үндсэн таван зорилттой юм байна.


Тодруулбал, банкны салбарын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусгах зэрэг зорилтуудын хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах, дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх болон банкны үйл ажиллагааны чиглэл, бизнесийн загвар болон бусад онцлог хүчин зүйлд тулгуурлан банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлагыг төрөлжүүлэх зэрэг зорилтыг тодорхойлсон байна. 


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ