ХӨСҮТ: Тусгаарласан иргэдээс коронавирусний халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-07 12:48:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Орхон аймаг болон ХӨСҮТ-д тусгаарлаж байсан гурван иргэнээс коронавирусний халдвар илрээгүй хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “ХӨСҮТ-д тусгаарласан иргэдээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Одоо Ховдод 2, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна. Ховд аймагт тусгаарласан иргэний шинжилгээний дээжийг авчирч байгаа” гэв. 

Монгол дахь ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, “Шинэ коронавирусний халдвар авсан 31436, нас барсан 638, шинээр халдвар авсан 3174 хүн байна. Халдвар авсан хүний 70 хувь нь БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн. ДЭМБ-аас шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг хангах зорилоор 675 сая ам.долларын төсөвтэй төлөвлөгөөг өчигдөр гаргалаа. Мөн ДЭМБ-аас 200 гаруй орны НҮБ-ын төлөөлөгчийн газартай видео хурал хийж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон. ДЭМБ-аас ирэх долоо хоногт энэ сарын 11,12-нд коронавирусний судалгаа шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор олон улсын эрдэм шинжилгээний форум зохион байгуулах гэж байна. Монгол Улсын хувьд гамшгаас хамгаалах тогтолцоо, бүтэц зохион байгуулалтын нэгдсэн системтэй Улсын онцгой комиссын даргын баталсан тушаалын дагуу салбар хоорондын байгууллагатай хамтран бэлэн байдал хариу арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ болон бусад олон улсын байгууллагатай хамтран тус төлөвлөгөөний  цаашид авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хэлэлцхээр  Эрүүл мэндийн кластерийн хоёр дахь удаагийн уулзалтыг ЭМЯ өнөөдөр зохион байгуулах гэж байна”гэв.

Мөн энэ үеэр тус улсад гарсан шувууны ханиадны талаар Мал эмнэлгийн хүрээлэнгээс мэдээлэл өглөө.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Батсайхан, “БНХАУ-ын Хунань хотод энэ сарын 5-ны өдөр шувууны томуу гарсан нь батлагдсан. Өвөрмөц вакцин эмчилгээ байхгүй учир халдвар гарсан аж ахуйн 17828 тахиаг устгаад байна. Одоогоор халдвар шувуунаас хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй. Шувууны томуугийн халдвараас сэргийлэхээр тахиа, гахайн мах, махан бүтээгдэхүүн импортлохыг бүрэн хориглосон. Манай улсын хувьд өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хорио тогтоосон. Улсын хэмжээнд ариутгал, халдвараас урьдчилан сэргийлэх бодис хангалттай байгаа" гэлээ.

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбоотойгоор НЭМГ-ын мэргэжилтэн О.Энхзаяа, “Нийслэлийн хэмжээнд энэ сарын 3-ний өдөр амболаторийн хэмжээнд 97433 үзлэг хийсэн.  Үүнэээс томуу, томуу төст өвчтэй 11 мянган хүүхэд байна. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байна. Тус үзлэгийн үр дүн өнгөрсөн долоо хоногийн мөн үеэс 2.9 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн дүүрэг, хорооны эмнэлэгт 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 87.3 хувь нь томуу томуу төст өвчтэй хүүхэд байна. Мөн төвлөрлийг аль болох сааруулах зорилгоор өрх, дүүрэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна. Нийслэлийг тойрсон 8 автозамын постод өнөөдрөөс хяналт шалгалт хийж эхэллээ” гэв.

 

 

Холбоотой мэдээ