Ховд аймгийн аялал жуулчлалын гол тулгуур нь “Цайны зам” өв соёлын наадам
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Аялагчдад таван чиглэлийн маршрут санал болгодог
Хөтөлбөрийн
хүрээнд Монгол Улсын есөн гайхамшгийн нэг Гурван Сэнхэрийн агуйг түшиглэсэн
таван чиглэлийн маршрут гаргасан. Тус аяллын маршрутыг гадаад, дотоодын
жуулчдад санал болгож буй.
Нэгдүгээр
маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Хар-Ус нуур-Жаргалан хайрхан, Рашаантын хүрхрээ
- Хар нуур -Дөргөн нуур, Жанжин овоо-Дарви сум-Загал баатрын хиргисүүр-Сутай
хайрхан-Баатархайрхан-Ишгэн толгойн хадны зураг-Гурван Сэнхэрийн агуй
Хоёрдугаар
маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Баянзүрхийн цогцолбор-Бодончийн хавцал-Алтай сум
-Ямаан ус - Тахь ус -24 эх орончийн хөшөө-Дамжиг ус- Бүдүүн харгайт-Байтаг-
Уушиг уул- Гурван хүүхэд уул- Их Онгогийн тал- Алаг толгой - Булган сум -Харуул
овоо -Үенчийн хавцал -Их улаан даваа- Баянзүрхийн цогцолбор -Гурван Сэнхэрийн
агуй.
Гуравдугаар маршрут: Гурван Сэнхэрийн агуй-Манхан сум-Шар
булаг -Гоогийн гурван хайс – Мөнххайрхан сум - Мэлхий хад – Хөх нуурын хүрхрээ
- Шуурхайн хүн чулуу - Долоон нуур – Мөнххайрхан сум – Дуут – Бүргэдтэй хайрхан
- Нэвтийн рашаан – Гурван Сэнхэрийн агуй.
Дөрөвдүгээр
маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Ховд хот - Баянбулагийн
амралтын газар – Баянбулагийн хиргисүүр - Хөх Сэрхийн нуруу – Сөртийн хөшөө –
Ховд сум – Эе эвийн цогцолбор - Шургийн гол – Хөшөөтийн хадны зураг –
Цамбагаравын хадны зураг – Тарвагатай гол – Бөөрөг – Балтгай - Цамбагарав уул –
Шижигтийн хавцал – Эрдэнэбүрэн сум – Ховд хотын туурь – Ховд хот – Гурван
Сэнхэрийн агуй.
Тавдугаар
маршрут: Гурван Сэнхэрийн агуй – Шувуун цуглаан - Чандмань хар үзүүрийн хадны
сүг зураг - Норжин хайрхан уул – Буянт сум – Ховд гол – Алтан Хөхий - Мянгад
сум – Мянгадын шал – Чандмань толгой – Загийн элсэн тойруу – Дөргөн сум – Алаг
уул – Бөлбөөтийн тохой – Хар нуур – Дөргөн нуур, Жанжин овоо - Чандмань сум –
Гурван Сэнхэрийн агуй.
Маршрутад тусгасан эдгээр газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц
тогтоцтой агаад түүх соёлын үнэт өв гэдгээрээ онцлогтой. Тодруулбал,
Гурван Сэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим
км зайд оршдог. Тус агуйд одоогоос 40 мянган жилийн тэртээ эртний хүмүүс
амьдарч байсны ул мөр, хадны сүг зураг зэрэг
түүхэн дурсгал бий.
Ховд аймагт энэ онд зохион байгуулах аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа бол
“Цайны зам” өв соёлын наадам
Цайны
соёл бол нүүдэлчин Монголчуудын их өвийн нэг юм. Цайны соёл Европ, Орост нэвтэрснээр цайны хэрэглээ өсөж, дөт замаар
цай авах боломж нь Монгол орноор дамжуулан авах байжээ.
Цайны зам бол худалдааны орлогын хувьд Торгоны замын дараа орох хоёрдугаар чухал зам байв. Хоёрдугаар зам гэдэг нь Хөх хот-Улиастай-Ховд-Цагаануур-Бийск гэсэн Баруун хязгаарыг чиглэсэн зам аж. Цайны замуудын нэгээхэн түүх нь Ховд аймгийн төвөөр дайран өнгөрч байсан юм. Тиймээс 2018 оноос эхлэн “Цайны зам” өв соёлын наадмыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Ховд аймагт халх, дөрвөд, торгууд, мянгад, захчин, казах зэрэг 10 гаруй угсаатан аж төрж буй. Эдгээр угсаатны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Цайны зам” өв соёлын наадам чухал ач холбогдолтой.
Наадмын хүрээнд гадаад, дотоодын жуулчин, орон
нутгийн иргэдэд зориулж тэмээн жин,
монгол нүүдэл үйл ажиллагаа, адуучин тэмцээн, бэсрэг наадам, угсаатны цай чанах ёслол зэрэг үндэстэн,
угсаатны уламжлалт соёлыг шингээсэн сонирхолтой үзүүлбэр болно.
Мөн
бий биелгээ, хөөмий, тууль цуур, уран нугаралтын наадам болох ба хотын аялал
зохион байгуулдаг. Үүнээс гадна “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал,
“Ховдын хөгжил” үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. Энэхүү
наадам нь жил бүрийн 9 дүгээр сарын 25-28-ны өдөр Манхан сумын нутагт орших
Гурван Сэнхэрийн агуйн орчимд эхэлж, Ховд аймгийн төвд үргэлжилдэг уламжлалтай. Тус баярын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн БОАЖГ-аас авах ба 70433038 утсаар холбоо барих боломжтой юм.
Борцгор хотонтой хамт ирсэн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр
Тус наадам нь байгаль орчноо хайрлан хамгаалах, бүс нутгийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Мөсний баяр эхэлсэн түүх
1960-1970 онд хэдэн зуугаараа нүүдэллэн ирдэг байсан Хотон шувуу хууль бус ан агнуурын сөрөг нөлөөгөөр устаж үгүй болох эрсдэл тулгарчээ.
Гэхдээ Ховд аймаг дахь "Хар-Ус" нуур орчимд нутагладаг малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг хараад зүгээр суусангүй. Аймаг, сумын удирдлага, байгаль орчны салбарын холбогдох мэргэжилтэн, малчин иргэд хамтарч Хар-Ус нуурын арлуудыг чөлөөлж, замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай тэмцсэн байна.
Улмаар 2010 онд хотон шувууны тоо толгой тодорхой хувиар өссөн. Тиймээс нутгийн иргэд Хар-Ус нуур дээр цугларч "Байгаль орчин, ан амьтнаа хайрлах нь" уриан дор анх удаа Мөсний баяр хийсэн юм. Энэ бол “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн түүх билээ. Түүнээс хойш “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Энэхүү
баярыг “Гурван
сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг
"Мөнгөлөг шагшуурга" мөсний баярын үеэр хэд хэдэн
уралдаан, тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:
-Аймгийн аварга шалгаруулах Тэшүүрийн тэмцээн /насанд хүрэгчид болон өсвөрийн
эрэгтэй, эмэгтэй, 100м, 400м, 1500м/
-Баруун
бүсийн аварга шалгаруулах мөсөн сурын харваа
-Насанд
хүрэгчдийн олс таталтын тэмцээн
-Насанд
хүрэгчдийн сумо бөхийн тэмцээн /Эрэгтэй/
-Бүх
нийтийн кросс гүйлтийн тэмцээн /Эрэгтэй эмэгтэй/
-Буухиа
тэмцээн
-Үндэстэн,
угсаатны хувцас буюу “Өв соёлоороо
гоёцгооё” уралдаан
-Дээлтэй
Монгол хүүхэд тэмцээн
-Цэнгээнт
бүжгийн тэмцээн /Эрэгтэй, эмэгтэй хос/
-Тэмээний
уралдаан
-Сайхан
морь, тэмээтэй хос шалгаруулах гэх мэт.
“Мөнгөлөг
шагшуурга” мөсний баяр нь жил бүрийн
хоёрдугаар сард болдог. Харин энэ жил тус баярыг 3 дугаар сарын 7,8-нд зохион байгуулах төлөвлөгөө гаргасан. Гэвч дэлхий дахинд тархаж буй шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг агаарын төлөв, Хар-Ус нуурын мөсний зузаанаас шалтгаалан зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орох төлөвтэй байгаа аж. "Мөнгөлөг шагшуурга" мөсний баярын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн БОАЖГ-аас авах боломжтой. Мөн 70433038 утсаар холбоо бариарай.