Мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг хөөргөөр тамхилах зан үйл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-02-21 16:11:30

Эзэмшигч Монголбанкны Эрдэнэсийн сан. Пийсүү толгойтой, чун гартаам. Энэ хөөргийг VIII Богд Жавзандамба хутагтын 25-ны сүүдэр тохиосон баяраар нутгийнхан нь бэлэглэж байжээ.  XVIII зуун

 

Хүн хүнээ,тэр дундаа ахас, ихсээ хүндлэх ёс цагийн уртад өөр өөр өнгө төрхөөр баяжин бидний үед хүрч иржээ. Нүүдэлчдийн өв соёл, тэр дундаа биет  өвд олон зүйл нэмэгдэн зан үйл болон шингэж хадгалагдсан байх юм. Малд явж байгаа хоёр хүн худаг дээр тааралдаад гутлынхаа түрийнээс гаансаа,  тамхиныхаа уутыг бүснээсээ сугалан тамхийг нь  асаасан  гаансаа  сороод соруулыг нь ханцуйгаараа шувтраад хоорондоо солилцон мэндэлж харагддаг. Ийм ерөнхий зураглал хөдөө нутагт элбэг тохиолдоно. Гэхдээ одоо гаансаар тамхи татах, тамхилах хүний тоо маш их цөөрсөн юм билээ.

 

Монголчуудын гаансаар тамхилж мэнд усаа мэдэлцэх уламжлал ёсон XVII зуунаас хөөрөг зөрүүлэн тамхилах ёс зан үйлээр өргөжсөн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Мэнд усаа мэдэх, ахас ихсээ хүндлэхдээ ур ухаан зарж хийсэн хөөрөг, гаанс гэх мэт үнэт эрдэнийн чулуун зүйлийг ашиглах болсон нь хүнлэг, элгэмсэг сэтгэлээр хүн хүндээ хандаж байгаа нэг илэрхийлэл аж. Хөөрөг зөрүүлэн сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаах нь ойлголтоо нэгтгэх, зам мөрөө тэгштгэх эрхэм зүйлийн нэг болон уламжлагдсан аж.


Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ толгойг султган өөрөө эхлээд үнэртэн мэндлэгч хоёр маань  тус тусынхаа хөөргийг алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Гэхдээ бусдын үнэ, цэнэтэй зүйлд хүндэтгэлтэй хандан анхаарлаа төвлөрүүлэн эргүүлж тойруулан үзэн хөөрөг, толгойн завсарыг хамартаа хүргэх хийгээд халбагадан хурууний өндөг эрхий долоовор хурууны завсар хавчуулан үнэрлээд буцааж  харагддаг. Энэ ёс нь ирсэн, угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ үзүүлж буй том хүндлэл ээ.


Ахмад болон төрийн хүндтэй хүнтэй залуу хүн эхэлж хөөргөөрөө тамхилна.Тамхилахад хүний нас, эрэмбэ дараалал тодорч байдаг. Мөн нүүдэлчдийн дундах жилийн дөрвөн улирал, болж байгаа үйл явдал, газар зүйн байршил мэндчилгээний явцад илүү товойж гарч ирдэг гэж хэлж болно. Хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэн нь манай ард түмний хүндэтгэл, бахархлын их баяр байдаг. Монголчууд энэ өдрүүдэд эхлээд ахмад настныхаа амрыг эрж золгочихоод тухлан сууж, “Таны бие лагшин тунгалаг уу? Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй сүрэг мал мэнд тарган тавтай сайхан оров уу?” гэж  харилцан мэндлээд хөөрөг зөрүүлэн тамхилдаг. Ингэж хөөрөг зөрүүлэхдээ залуу хүн ахмад настан буурал, хүндэт зочныг суудалдаа тухалсны дараа хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхэсхийн барьдаг учиртай.  


Монголчуудын хөөргөөр тамхилах ёс зан үйл өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээс зөвхөн хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэнд эрдэнийн чулуун хөөргөөр тамхилах ёс зан үйлийн талаар цухас дурьдлаа. Хөөргөөр тамхилах манайхны энэ онцлог шинж нь Монгол хөөрөг гэсэн бие даасан судлагдахууныг бий болгодог гэж Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбооны ерөнхийлөгч Н. Жанцан тэмдэглэсэн байна.


Хөөрөг нь зан үйл, өв соёл, урлагийн үнэт эдлэл гэсэн ойлголтуудын нэгдэл аж. Материаллаг талаас нь авч үзвэл хөөрөг нь чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил гэнэ. Хөөргийг шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу, номин, болор зэрэг чулуугаар хийж иржээ. Ингэхдээ гоё ганган хээ хуар бүхий бөх бат, үнэ цэнэтэй чулууны сонголт, нарийн хийцээс хамаарч хөөрөгний үнэлэмж, хоорондын  ялгаа гарч ирдэг байх юм. Уламжлагдан ирсэн хөөрөгт Манж, Хятад, Төвд, Монгол гэсэн дөрвөн хийц голлодог. Гэхдээ тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг тодорхойлоход мэргэших, судлах, цуглуулах шаардлага гардаг гэж үздэг аж. Нэг үгээр хэлбэл нүднийх нь хор гарсан хүмүүсийн хийдэг ажил гэнэ. Хөөргийг таниж ялгахад баялаг цуглуулга, судалгаа шаардлагатай гэж эртний эдлэл цуглуулагчид үзэх юм.

 

Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгдөг байна. Толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь улаан хүрэн өнгөтэй, од олонтой байвал илүү  сайнд тооцно. Энэ нь дэлхий нийтэд шүрийг үнэлэх үнэлгээтэй дүйцдэг ажээ. Тийм учраас “хөөрөгний сайн толгойдоо ........ сайхан бөгсөндөө” гэсэн хэлц үг гарсан бололтой. Ер нь XVIII-XIX зууны үед  хөөрөгний толгой ихэвчлэн  амных нь диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байжээ. Харин энэ зуунд хөөрөгний толгойг өндөр байлгах хийц давамгайлж байгаа аж. Гэхдээ хөөрөгний хийцийн оргил үеийг XVIII-XIX зуун гэж үздэг. Энэ цаг үед дотортой хөөрөг хийж эхэлсэн аж. Дотортой хөөрөг гэдэг дотор тал, гадна талтайгаа адилхан өөгүй цэвэрхэн гөлгөр, гялгар байхыг хэлдэг байна.  

 

Мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг нь болсон хөөрөг зөрүүлж тамхилах зан үйлийн талаар дурдвал ийм байна. Хүндлэх мэндлэх ёсны хүрээг тэлсэн энэ зан үйл дэлгэрээд  дөрвөн зуун жил өнгөрчээ.

 

Дэлхий дахинд, тэр дундаа урд хөршид тараад байгаа аймшигт коронавируснээс урьдчилан сэргийлж энэ жилийн цагаан сарын битүүн (2020 оны 2 дугаар сарын 23-27)-ээс шинийн дөрвөн хүртэл хот хоорондын замын хөдөлгөөнийг зогсоож хөл хорио тогтооно. Энэхүү төрөөс авч хэрэгжүүлж байгаа албадлагын арга хэмжээ мэндлэх хүндлэх ёсны олон тулгуурын нэг болсон хөөргөөр тамхилах зан үйлийг монголчуудыг хоорондоо үйлдэхгүй байхыг сануулсан цаг үеийн шаардлага гэлтэй. Энэ нь дээрх зан үйлийг шинэчлэх эхлэл байж болох юм. Эрхэм та хүнтэй хөөргөөр тамхилах гэж бүү яараарай.

Холбоотой мэдээ