Италийн эрх баригчид коронавирустэй тэмцэх тогтоол баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-23 11:09:49

РОМ. /RIA Novosti/. Италийн сайд нарын зөвлөл яаралтай хуралдаж, тус улсын хойд нутагт дэгдсэн коронавирусний халдвартай тэмцэх тогтоол баталжээ.


“Халдварт өвчний онцгой байдлын үед авах, зохион байгуулах арга хэмжээний тухай хууль тогтоомжийг бид баталлаа” гэж Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте таван цаг үргэлжилсэн хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын мэдэгдсэн байна. “Бид хяналтын цэгүүд байгуулна, шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


“Коронавирусний халдвар тархсан бүсүүдэд тухай бүрд нь үнэлэх онцгой тохиолдлоос бусад үед нэвтрэх, гарахыг хориглоно. Эдгээр бүсэд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг цуцалж, цэцэрлэг, сургуулийн хичээлийг түр зогсоосон” гэж Конте мэдэгдсэн байна.


Үүнээс гадна, Венето, Ломбард мужид ням гарагт болох спортын бүх тэмцээнийг хойшлуулахад бэлэн байгаагаа Италийн Залуучуудын бодлого, спортын сайд Винченцо Спадафора мэдэгджээ.


Италид коронавирусээр халдварласан хүний тоо 79 болж нэмэгдэж, хоёр хүн нас барсан бол нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэж тус улсын Иргэний хамгаалалтын газрын дарга Анжело Боррелли энэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Халдварын тохиолдол Италийн таван бүс нутагт илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Ломбард мужид бүртгэгджээ. Тус мужид 54 хүн коронавирусний халдвар авсан байна. Борреллигийн хэлснээр,  51 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэдний 18 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.


Халдварын голомт нь Милан хотоос холгүй оршдог Кодоньо болон Падуа хот болсон байна. Ломбард мужид бүртгэгдсэн халдварын анхны тохиолдол нь 38 настай эрэгтэй юм. Уг эрэгтэй Хятадаас буцаж ирсэн найзаасаа халдвар авсан гэж үзэж байсан боловч Италийн Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, шинжилгээ хийсний дараа найзаас нь коронавирус илрээгүй бөгөөд эсрэг биет ч мөн байгаагүй байна.


Холбоотой мэдээ