SARS-CoV-2 вирусний аюулыг олон талын чармайлтаар зайлуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunbold@montsame.gov.mn
2020-02-28 10:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтнийг түгшээж буй COVID-19 халдварын аюул, өнөөгийн байдлын талаар ХБНГУ-ын Мюнстер хотын Вэстфалийн Вильхельм их сургуулийн Вирус судлалын хүрээлэнгийн захирал доктор профессор С.Людвих, вирус судлаач, доктор Д.Анхлан нартай ХБНГУ-ын Мюнстер хотод суугаа иргэн Намдагийн Удвал ярилцан манай агентлагт ирүүлжээ.


-Ярилцлагын эхэнд SARS-CoV-2 болон COVID-19 гэж яагаад нэрлэсэн талаар тайлбарлаж өгнө үү?


-Д.Анхлан: Саяхан ДЭМБ-аас 2019 оны 12 дугаар сарын дундуур Хятадад дэгдсэн халдварт өвчнөөр өвчилсөн хүнээс илрүүлсэн корона вирусийг одоо SARS-CoV-2 вирус гэж тэмдэглэх болсон. 2002 онд Хятадад анх оношлогдсон амьсгалын замын хурц, хүнд хэлбэрийн үрэвслийн шинж тэмдэгтэй халдвар (SARS) үүсгэгч корона вирус SARS-CoV гэж нэрлэгддэг бол энэ 2019 оны халдварын үүсгэгч урьд өмнө хүнээс илрүүлж байгаагүй корона вирусийн шинэ омог юм. Энэ вирусээр үүсгэгдсэн өвчин COVID-19 гэсэн нэршилтэй боллоо.


-Хэрвээ энэ SARS-CoV-2 вирус хүнээс анх удаа илэрсэн бол хаанаас халдварласан байж болох вэ?


-Зүй ёсны асуулт. Корона вирусийг 1960-аад оны үеэс мэдэх болсон. Хүнд болон олон зүйлийн амьтанд хоорондоо ялгаатай корона вирусүүд халдвар үүсгэдэг. Хүнд ихэвчлэн хөнгөн хэлбэрийн ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг. Харин өмнө дурдсанаар одоогоос 18 жилийн өмнө SARS, дараа нь 2012 онд Саудын Арабт гарсан MERS-CoV-ийн зоонозын халдварууд гоц аюултай, үхэл өндөртэй (10-35% хүртэл) байснаараа онцлогтой. Яагаад зоонозын халдварууд гэсний учир нь таны асуултын хариу болно. Зоонозын гэдэг нь мал, амьтны вирус хүнд халдварлан, улмаар хүн амын дунд дамжин тархаж өвчлүүлэх чадвартай болсон гэсэн ойлголт юм.  Энд Xятадын Вухан хотод өвчтөнөөс ялгасан зарим SARS-CoV-2 вирусний омгуудын удамшлын төрх бараг 80% SARS-CoV-тэй, сарьсан багваахайн корона вирустэй маш төстэй (96%) байгаа нь анхаарал татаж байна гэж Хятадын судлаачид бичиж байна.


-Ийм тохиолдол олон гардаг уу?


-Аз болоход ховор. Хүн, амьтны биологийн онцлог, зүйлийн саадын (үүнд: тухайн вируст мэдрэг эсийн бүтэц, биеийн халууны зөрөө г.м төрөлхийн дархлааны тогтолцоо) улмаас хүний вирус амьтанд мөн эсрэгээрээ халдварлахаас хамгаалагдсан байна. Энэ зүйлийн саадыг даван халдах, цааш дамжих боломжуудыг маш нарийн хүзүүтэй том лонхноос шигшигдэн шалгарч гарахтай зүйрлэж дүрсэлсэн байдаг. Гэхдээ хүрээлэн буй орчин, цаг агаарын өөрчлөлт, заримдаа хүний буруутай үйлдлээс зоонозын халдварууд шинээр үүсэж байгаа болон дахин сэргэх халдварт гол ач холбогдолтой. Хэвлэлд гарснаас үзэхэд, Хятадын уламжлалт анагаах ухаанд сарьсан багваахайн ялгадсыг эмийн жоронд ашигладаг бөгөөд мах нь Хятад болон зарим оронд их үнэтэй хоолны нэгд тооцогдон астма, бөөрний эмгэг эмнэх болон тамир тэнхээ сайжруулдаг гэж үздэг нь зоонозын халдварт нөлөөтэй байж болох юм.


-Амьтнаас гаралтай, жишээ нь энэ тохиолдолд сарьсан багваахайн корона вирусээр хүн халдварласан бол байгалийн эзнийг нь зайлуулбал дахин гарахгүй байж болох уу?


-Сонирхолтой санаа байна. Байгалийн тэнцвэрт амьдралд тухайн амьтны гүйцэтгэдэг эерэг үүргийг нөхөж чадахгүй бол ямар хохиролтойг таашгүй. 1997 онд Хонконгод анх шувууны томуугийн H5N1 вирус хүнд халдварлан, нас баралтын хувь өндөр байхад халдварын голомт болсон тэр хотын мал, амьтны худалдааны захыг бүрмөсөн хааж, тэнд байсан бүх амьд тэжээмэл шувуудыг заазалсан тохиолдол бий. Ингэж халдвар тархалтыг зогсоож xяналтад оруулсан түүхтэй.  Өөр нэг түүх өгүүлэхэд халдвараас сэргийлэх зорилгоор тарваган тахлын нянг байгальд тээгч харx, бусад мэрэгчдийг устгалд оруулснаар нянг дамжуулагч бүүрэгт хазуулах тохиолдол ихсэн тахлын аюул улам нэмэгдсэн гэсэн. Энд бас анхаарах ёстой зүйл бол завсрын дамжуулагч юм. Судлаачид SARS-ийн халдварт сарьсан багваахайн корона вирусийг сүүлт суусраар, MERS-ийн хувьд нэг бөхт тэмээгээр дамжин тус бүр хүнд халдсан гэж үздэг. "COVID-19"-ийн тухайд одоогоор завсрын дамжуулагч байгаа эсэх, байгаа бол ямар амьтан гэсэн асуултууд шийдэгдээгүй байна.  


-Монгол Улс халдварын голомт оронтой шууд хиллэж байгаа тул хамгийн эрсдэлтэй газрын тоонд ороод байна. Иймд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө маш чухал. Та энэ байдлыг яаж үнэлж байна вэ?


-С.Людвих: Үүнийг ялгаж үнэлэх хэрэгтэй. Хятадад хүн амын тоо их, халдвар богино хугацаанд тархсан нь аюултай нөхцөл үүсгэсэн. Бусад орны хувьд ийм байдал одоогоор алга. Ийм нөхцөлд халдварын голомтыг тусгаарлан, хориг тогтоох арга хэмжээ авсан нь маш үр дүнтэй боллоо. Германд гэхэд SARS-CoV-2-ийн халдвар авсан 16 тохиолдол илэрсэн. Сонирхолтой нь, эдгээр хүний 14 нь Хятадаас ирсэн халдвартай ганц хүнээс авсан. Зөвхөн нэг эх сурвалжтай байсан нь халдвар дамжилт ямар далайцтайг харуулж байна. Гэхдээ одоогийн байдлаар онцгой дэглэмд орох шаардлагагүй. Харин Монголын Засгийн газраас хилээ хаасан нь зөв шийдвэр юм. Халдвар үүсэж, цааш хурдацтай тархахад Вухань хотын мал, амьтны худалдааны зах гол шалтгаан болсон гэж үзэж байгаа. Хэдийгээр Монголын нийт хүн амын бараг хагас нь нийслэл хотдоо амьдардаг ч нягтрал харьцангуй бага, олон төрлийн амьд амьтны шууд худалдааны зах байдаггүй нь тун сайшаалтай. Зоонозын халдварын үед зөвхөн хүн амын тоо, нягтрал төдийгүй нөгөө талаас мал, амьтны сүргийн бүтэц, хэмжээ,  бэлчээрийн эсвэл битүү байранд хашдаг, завсрын дамжуулагч байгаа эсэх г.м  олон хүчин зүйлийг харгалзах ёстой. Мөн ре-зооноз буюу хүнээс амьтанд халдах ч боломжтой.


-Энэ SARS-CoV-2, улирлын томуугийн вирустэй төстэй болон ялгаатай шинж нь юу вэ?


-Д.Анхлан: COVID-19-ийн үүсгэгч SARS-CoV-2, томуугийн вирус хоёр өөр төрлийн вирусүүд. Одоогийн судалгааны дүнгээс харахад төстэй нь зоонозын гаралтай, удамшлын мэдээлэлдээ ялгаатай РНХ агуулсан учраас хувьсамтгай ч томуугийн вирус шиг их биш. SARS-CoV-2 дамжих замыг яг эцэслэн тодорхойлоогүй байна. 


С.Людвих: Адилхан агаар дуслын (ханиах, найтаах үед шүлсээр г.м) гэхдээ томуугийн вирусийнх шиг эрчимтэй бус, харин халдвартай гараар илүү дамжих магадлал байж болзошгүй. 2009 оны томуугийн цар тахлын H1N1 вирус богино хугацаанд маш түргэн тархаж тэдгээр улсад өвчлөл харьцангуй их байсан. Одоо зөвхөн Хятадад л их байна. Энэ нь түргэн хугацаанд халдварын эсрэг арга хэмжээ авсантай ч холбоотой. Бас нэг нэн осолтой нөхцөл бол "COVID-19"-ийн далд үе 2-14 өдөр гэж тооцоолж байгаа бөгөөд энэ үедээ SARS-CoV-2-ийн халдвар тархах боломжтой гэж үзэж байгаа. Ийм учраас өвчний шинж тэмдэггүй, халдвартай хүн нэг газраас өөр оронд аялан бусдад халдвар тараана.


-Германд ирээд амны хаалт зүүсэн хүнтэй хаана ч тааралдахгүй болохоор их гайхаж байлаа. Хэдийгээр энд халдвар авсан 16 хүн батлагдсан ч  амны хаалт хэрэглэхгүй байгаа нь ямар учиртай вэ?


-Д.Анхлан: Амны хаалт зөв хэрэглэх нь өвчтэй хүн бусдад халдвар тараахгүй байхад тусална. Мэдээж COVID-19 халдварын далд үед болон өвчтөнтөй харьцаж байгаа хүмүүс зайлшгүй амны хаалт зүүх нь үр дүнтэй.


-Эмчлэх, сэргийлэх ямар боломжууд байна бэ?


-SARS-CoV-2 эсрэг өвөрмөц эмчилгээ болон сэргийлэх вакцин хараахан нэвтрээгүй туршилтын шатандаа эрчимтэй хийгдэж байна. Хэдийгээр өвөрмөц эмчилгээ (томуугийн үед Тамифлү г.м) байхгүй боловч COVID-19-өөр өвчилсөн хүмүүсээс эдгэрч, өдөр тутам нэмэгдэж байгаа нь ихээхэн найдвар төрүүлж байна. Ингэснээр олдмол дархлаатай хүн амын давхарга гарч ирэн халдварын цаашдын тархалтын бууралтад нөлөөлнө. Нас баралтын дийлэнх нь суурь өвчтэй, өндөр настан байгаа нь хувь хүний дархлаа онцгой үүрэгтэйг харуулж байна.


С.Людвих: Гэхдээ олон хүн цугласан газар очихгүй, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм сайн сахих, ялангуяа гараа сайтар угаах дадал халдвараас сэргийлэхэд их ач холбогдолтой. Хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай тусгаарлаж, тархалтыг хянах илүү боломжтой.


-Хамтын ажиллагааны ямар чиглэлүүд судалгааны олон талын ач холбогдолтой бэ?


-Монголчууд уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг болохоор Хятадад байдаг шиг зоонозын халдварын ижил нөхцөл гарахгүй болов уу. Иймд мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх тарилгыг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ талын судалгааны ажлыг хамтран хийхэд санхүүжилтийн асуудлаа шийдэх ёстой. Засгийн газраас зоонозын судалгааны хамтарсан төсөл хөтөлбөрийг дэмжиж анхааралдаа авбал хэрэгжүүлэхэд тустай тодорхой арга хэмжээ болно. Одоогийн байдлаар энд ажиллаж байгаа судлаачдын хичээл зүтгэлээр л зарим хамтын ажиллагаа урагшилж байна. Манай институтэд Др. Д.Анхлан Монголын вирус судлалын нийгэмлэг, Улаанбаатар хотын халдварт өвчин судлалын томуугийн үндэсний төвтэй байнгын харилцаатай байж, Монгол судлаачдыг дадлагажуулах, лекц уншиж, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллаж байна. Бактер судлалын чиглэлээр Дюссельдорф хотын их сургуулийн микробиологийн профессор К. Пфэффер мөн Монголын мэргэжил нэгт судлаачидтай холбоотой байдаг.


Д.Анхлан: ХБНГУ-ын Бундесверийн микробиологийн хүрээлэнтэй Улаанбаатарын Зоонозын өвчин судалгааны төв хамтран ажилладаг. Ташрамд дурдахад профессор С.Людвих Германы Зоонозын халдварын судалгааны ерөнхий зохицуулагчаар сонгогдсон. Энэ чиглэлээр Мюнстерийн вирус судлалын институтийн дэргэд нэг төв нь ажиллаж байна.


-Зоонозын халдварын ирээдүйн хандлагын талаар Та юу гэж бодож байна вэ?


-Д.Анхлан: COVID-19 болон бусад зоонозын халдварт өвчнүүд нэг удаагийн тохиолдол бус дахин давтагдах, шинээр үүсэх магадлал их байна. Иймд одооноос ийм төрлийн болзошгүй халдварт бэлтгэх ялангуяа Зоонозын өвчин судлалын төвийн бүтцийг судалгаа, сургалтын чиглэлээр улам сайжруулах, “Нэг эрүүл-мэнд” буюу (One Health) хандлагад Монгол орны өвөрмөц онцлог чиглэлийг судлах нь олон талын нийтлэг ач холбогдолтой юм. Урьдчилэн сэргийлэх нь ямагт эмчлэхээс илүү үр дүнтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.  Компьютер, мэдээлэл зүйн загварчлалаар халдварын хамрах хүрээг баримжаалан тооцож, үр дүнг нь болзошгүй байдлын бэлтгэлд ашиглах г.м. SARS-CoV-2 вирусийн аюултай амжилттай тэмцэж, зайлуулахад олон талын нийтийн чармайлт хэрэгтэй нь өнөөгийн энэ сорилт, дэлхийн улс түмний хамтын ажиллагааны цар хүрээгээр мэдрэгдэж байна.

Холбоотой мэдээ