Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолыг багасгахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-02-28 16:01:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн зарим суманд зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдлыг багасгах биотехникийн ажлыг энэ сарын 15-наас хийж эхэлсэн байна.

Байгаль орчны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид сумдын өвөлжилтийн байдлын судалгааг гаргаснаар ийнхүү зэрлэг амьтдын байршил нутгийг тогтворжуулахаар ажиллаж байгаа юм. Тухайлбал, одоогоор Баян-Уул сумын Бардан уул, Хээр морьтын даваа, Уст ганга, Баяндун сумын Үлийн ар, Дун уул, Тэмээт уул, Их газар зэрэг нутагт биотехникийн ажил хийж, гурван тн хужир, 250 боодол өвс тавьжээ. Дээрх газарт халиу буга, зэрлэг гахай, бор гөрөөс голдуу нутагладаг. Түүнчлэн ойн шувуудын үндсэн байршил нутаг гэж хэлж болно.

Одоогоор Баян-Уул сумын нутагт 20-25 см орчим, Баяндун суманд 10-15 см зузаан хатуурсан цасан бүрхүүл тогтоод байгаа юм. 

Холбоотой мэдээ