Тайландын ЭМЯ "Covid-19"-ийн голомт бүхий улс, газар нутгийн жагсаалтыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
192@montsame.mn
2020-03-01 22:04:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ-наас ирүүлсэн мэдээгээр тус улсад 3 дугаар сарын 1-ний байдлаар "Covid-19"-ийн нийт 42 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. 

Эдгээрээс 30 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 11 хүн эмнэлэгт эмчлүүлж 1 хүн нас баржээ.


Нас барсан иргэн нь 35 настай, "Covid-19" халдвар авсан ч бүрэн эдгэрээд байсан аж. Гэвч уушги болон бусад эрхтэн нь гэмтсэнээс үүдэж чичрэг өвчнөөр нас барсныг Тайландын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс өнөөдөр мэдээлжээ. 


Тайландын Эрүүл мэндийн яамнаас "Covid-19"-ийн эрсдэлийн үнэлгээг ахиулж тус өвчинг “Ноцтой аюул бүхий халдварт өвчин” хэмээн зарлав. Ингэснээр халдвар авсан сэжигтэй хүмүүсийг тусгаарлан эмчилгээнд албадан хамруулж, өвчин тархсан газруудыг хаах зэрэг арга хэмжээ авах үүргийг холбогдох байгууллагуудад олгожээ. 


Тайланд улсын ЭМЯ-наас "Covid-19" голомт бүхий улс, газар нутгуудын жагсаалт гаргасан бөгөөд үүнд БНХАУ, Макао, Тайвань, Хонконг, Сингапур, Япон, БНСУ, Итали болон Ираныг оруулсан байна.

Иймд иргэд хувийн ариун цэврийг сайн сахиж, онцын шаардлагагүй бол халдвар бүртгэгдсэн улс, хотуудад аялахгүй байхад анхаарна уу гэж Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ-ны мэдээнд дурджээ. 


Холбоотой мэдээ