Гадаадад байхдаа халдвар авсан өвчтөн БНХАУ-д бүртгэгджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-03-02 17:08:44

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-д "COVID-2019" халдварын тархалттай амжилттай тэмцэж шинээр халдвар авч буй тохиолдлын тоо буурсаар байна. Гэвч үүнтэй зэрэгцэн гадаад улс орнуудад байхдаа коронавирусээр халдварласан өвчтөн Бээжин, Шэньжэн хотуудад бүртгэгдсэн байна.

Цайшинь сайтын мэдээлснээр, 2-р сарын 29-ний өдөр Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан 2 тохиолдол бүртгэгдсэн ба эдгээр нь саяхан Иран улсаас Бээжин хотод буцаж ирсэн иргэд байжээ.

Мөн өнгөрсөн сарын 26-ны өдөр Ниншя Хотонгийн өөртөө засах орон, Шинжаан Уйгурын өөртөө засах оронд шинээр халдвар авсан тохиолдол нь Иран улстай ойрын холбоотой хүнээс илэрч байжээ. Энэхүү иргэн нь өнгөрсөн оны 10-р сард орчуулга хийхээр Иран улс руу яваад өнгөрсөн сарын 19-ний өдөр Хятадад буцаж ирсэн бөгөөд хоёр хоногийн дараа халдвар авсан нь тогтоогджээ.

Харин хоёр хоногийн өмнө Бээжин хотод халдвар авсан нь тогтоогдсон дээрх хоёр иргэн Ниншяд халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй цуг 2-р сарын 18-ны өдөр Иран улсад хүлээн авалтад хамт оролцсон болох нь тогтоогдсон байна. Мөн өчигдөр Хятадын Шэньжэн хотын Эрүүл мэндийн хорооноос мужийн Эрүүл мэндийн хороонд нэгэн иргэн гадаадаас халдвар авсан тухай мэдээлжээ. Тус иргэний амьдарч байсан орон сууцанд 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох арга хэмжээ авчээ.

Дээрх иргэн нь Хятадын Гуан Хө группийн ажилтан, урт хугацаагаар Англи улсад амьдардаг бөгөөд 2-р сарын 27-ны өдөр Лондонгоос Хонконгоор дамжин Шэньжэн хотод иржээ. Улмаар 29-ний өдрөөс эхлэн ханиалгаж, халуурах шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Бусад улс оронд шинээр COVID-2019 шинэ төрлийн коронавирусний халдвар авч буй иргэдийн тоо дөрөв дэх өдрөө дараалан Хятадад халдвар авч буй иргэдийн тооноос давсан бөгөөд олон улсад халдварын тархалт нэмэгдэж буй нь хятадуудын санааг зовоох бас нэгэн асуудал болж байна.

Холбоотой мэдээ