Европын Холбоо Грект 700 сая евро олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-04 13:30:18

БРЮССЕЛЬ. /TASS/. Турк улсаар дамжин Европ руу нэвтрэхийг зорьж буй Сири дүрвэгсдийн урсгалтай тэмцэх зорилгоор Европын Комисс Грект 700 сая еврог олгожээ. Энэ тухай Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.


"Үүнд Грек төдийгүй Европын тухай асуудал яригдаж байгаа юм. Грект зайлшгүй шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх нь бидний эн тэргүүний зорилт. Европын Холбоо цагаачлалын хямралтай тэмцэхэд нэгдмэл байдлаа хэвээр авч үлдэнэ. Турк бол дайсан биш хэдий ч хүмүүс тэдний зорилгодоо хүрэх арга хэрэгсэл биш юм" хэмээн тэрбээр ярьсан байна. 


Усан болон хуурай замаар Европ руу нэвтрэхийг зорьж буй Сирийн дүрвэгсдийн урсгалд Турк саад учруулахгүй байх шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг 2 дугаар сарын 28-нд мэдэгджээ. Сирийн дүрвэгсдэд дамжин өнгөрөхөд нь саад учруулахгүй байх зааврыг эрх баригчид цагдаагийн ажилтнууд болон эргийн хамгаалалт, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн ажилтнуудад өгчээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Сирийн Идлиб мужид Туркийн 36 цэрэг амиа алдсаны дараа ийм шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ