Аудитын шалгалтаар 12 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-09 14:24:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас 187 байгууллагын санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж, 11.9 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илрүүлжээ. Үүнээс 2.8 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулж, 131 сая төгрөгийн зөрчилд акт тогтоосон бол 7.7 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, нэг тэрбум гаруй төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгсөн гэж аудитын тайланд дурджээ.

Тайлангаас харахад, сургууль болон цэцэрлэгүүд хүүхдийн хоолны материал бэлтгэн нийлүүлэхдээ байгуулсан гэрээг мөрдөж ажиллаагүй, тендерийн баримт бичигт заагаагүй хүнсний материал худалдан авсан, төлбөрийн Е баримтыг хавсаргаагүй зэрэг зөрчил дутагдал гол төлөв ажиглагдсан байна. Тодруулбал, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар”-ын 6.5 дахь Монгол Улсын стандарт МNS 6529:2015 “татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага”-д заасан тусгай нууцлалын QR кодоор баталгаажсан анхан шатны цаасан баримтуудыг бүрдүүлж ажил гүйлгээг хүлээн зөвшөөрч Е баримтыг хавсаргах” гэж заасныг хэрэгжүүлээгүй байгууллагууд нэлээд байжээ. Түүнчлэн санхүүгийн ажилтнуудаа мэргэшүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг байгууллагуудад анхааруулсан гэв.

Хяналт шалгалтын дүнг өмнөх онтой харьцуулахад, алдаа зөрчил багассан. Тэр хэрээр залруулга өгч, акт тавьж, зөвлөмж өгсөн үзүүлэлтүүд буурчээ. Харин Дорнод аймаг дахь Төрийн аудитын газраас алдаа дутагдлыг цаг тухайд нь залруулах зорилгоор албан шаардлагыг түлхүү өгч ажилласан байна.

Холбоотой мэдээ